1045
 
 

УХААНЫ СУВДАН ХЭЛХЭЭ: АЙЛ БҮРТ ХҮРЧ АЖИЛЛАНА

1045

Тэдэнд хамгийн их ирдэг асуулт бол “Та хоёр яагаад үүнийг хийж байгаа юм бэ?” гэх энгийн асуулт юм. Ухааны сувдан хэлхээ НҮТББ-ыг үүсгэн байгуулсан Х.Энхбилиг үүнд хариулахдаа “Бид хоёр Христэд итгэдэг хүмүүс учраас энэ ажлыг хийж байгаа юм. Энэ дэлхий дээрх бүх хүнийг Бурхан бүтээсэн гэж итгэдэг. Тиймээс Бурханы хүүхдүүдэд тусалъя л гэх хүсэлтэй. Манай байгууллагын уриа бол өрх бүрm хүрч ажиллана. Мэдээж тэр боломжгүй ч үргэлж тэгэхийн төлөө хичээх болно”  хэмээсэн.
Тэрбээр гэргий Г.Б.Мөнхцэцэг болон хамтран зүтгэгч нарынхаа  хамт энэ төрийн бус байгууллагыг авч явдаг. Ухааны сувдан хэлхээ нь анх сэтгэл нийлсэн хүмүүс сэтгэлзүйн чиглэлээр нийтэд зориулсан, шилдэг ном зохиолыг орчуулан гаргах анх төсөл хэлбэрээр 2002 онд байгуулагдсан бол 2017 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж төрийн бус байгууллага болжээ. Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжлийн сэдвээр ном зохиол эрхлэн гаргах, сургалт, зөвлөгөө өгөх чиглэлээр голчлон ажилладаг.
Энэ талаар Х.Энхбилиг дэлгэрүүлэн ярихдаа “Миний хийдэг ажил хүмүүст хичээл заах. Өнгөрсөн хугацаанд “Аав ээж залбирсны ачаар”, “Эхнэр нөхөр залбирсны хүчээр”, “Үр хүүхдээ өсгөхийн баяр жаргал”, “Хүүхдийг эх захтай болгох нь” зэрэг 20 гаруй ном орчуулан гаргасан. Тэдгээр ном мэдээж сургалтын маань үндсэн суурийн нэгээхэн хэсэг болж өгдөг. Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт мэдлэг, шинжлэх ухааны ололтуудаас цаг ямагт суралцан, мэдлэгээ шинэчилж, цааш түгээхийг эрмэлздэг. Сүүлийн таван жил хот болон хөдөө орон нутгийн хүүхдүүдэд эцэг эх, сургуулийн хүсэлтээр хичээл зааж байсан бол одоо бусад төрийн бус байгууллагууд болон төрийн албан байгууллагуудтай хамтран сургуулийн багш нар, нийгмийн ажилтан, хүүхэдтэй ажилладаг хүмүүст хүрч, шаардлагатай сэдвээр семинар хичээлүүд явуулж байна. Бидний зааж буй хичээлүүд хүн төрөлхтөний амьдралын суурь болсон зарчмуудад  суурилсан байдаг. Хүн төрөлхтний дэвшилтэт мэдлэг, ойлголтын цаана Библийн зарчим чухал нөлөөтэйг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх болсон. Бид итгэгч хүмүүс учраас гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжлийн асуудлуудыг Бурханы заасан зарчмуудыг хэрэгжүүлэхгүйгээр засаж залруулах боломжгүй гэж үздэг” гэсэн.
Ухааны сувдан хэлхээ нь хөдөө орон нутаг руу чиглэн ажилладаг. Эхэн үед цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол орныхоо бүх аймгаар явж сургалт заадаг байсан бол таван жилийн өмнөөс эхлэн эдний гэр бүл хөдөө орон нутагт амьдрахаар шийджээ. Тийнхүү нийт 110 сумаар явсны дараа  Булган аймгийн Хутаг-Өндөр сумыг сонгосон байна.
“Нэгт, хүний нөөцийн асуудлаас болоод тодорхой бүс нутагт төвлөрөхөөр шийдсэн юм. Бурхан хүмүүст олон төрлийн авьяас чадвар өгсөн гэж бид итгэдэг. Хүн болгонд л хийж чадах зүйл олон бай. Харин бид өнөөг хүртэл сурч мэдсэн зүйлсээ өөрсдийн чадах хэрээр хүмүүст зааж өгөх, дамжуулах юмсан гэж боддог. Тэр тусмаа хөдөө орон нутгийн амьдралд хүн хүч, янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн нөлөөлөл, оролцоо их хэрэгтэй байна. Хүмүүс яг юу чаддаг вэ, ямар авьяас чадвартай вэ гэдгээ ч нээж чадахгүй, ажилгүй, сэтгэл гонсгор амьдарч байна. Тиймээс хөдөө орон нутагт очиж амьдраад, хүмүүсийн хүрч чадахгүй байгаа тэр газар ажиллах нь илүү их үр дүн авч ирнэ гэж найдаж байна даа”  гэж тэд хэллээ.

1045
Өнөөгийн нийгэмд гэр бүл гэдэг ойлголт их өөрчлөгдөж байгаа билээ. Нийгмийн нөхцөл байдлаа авч үзвэл эрэгтэй хүмүүс эрэгтэйтэйгээ амьдрах зэрэг гаж тогтолцоо гарч ирсэн. Ганц бие амьдралыг чухалчилсан, амиа хичээсэн хүмүүс олширсон. Яг ийм л цаг үед тэд гэр бүл гэдэг ойлголтоо цэгцлэхэд нь хүмүүст туслах, бас хүүхдүүдэд туслахаар чин сэтгэлээсээ ажиллаж байгаа ажээ.
Тэд хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийхээр Булган аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын газартай хамтраад арван жилийн сургуулиудад “Аюулгүй сонголт” хичээлийг заахаар төлөвлөөд, ажлаа эхэлсэн байна. Ирээдүйд тэдгээр хүүхдээс өөрчлөлт гарна гэдэгт тэд итгэлтэй явдаг Үүнээс гадна Булган аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.Түүнчлэн гэр бүлүүдийн дунд тодорхой, бодит ажил өрнүүлэх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сумдаас тав таван гэр бүл сонгоод ирэх оны эхний сараас эхлээд тэдгээр гэр бүлүүдэд хүүхэд хүмүүжүүлэх үндсэн зарчмуудыг зааж, хэрэгжүүлэхэд нь туслахаас гадна амьдралд тулгарч байгаа, мөн харилцааны асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар сэтгэлзүйн зөвлөгөө, сургалтыг тогтмол явуулах гэж байна. Гэр бүлүүдийг сонгохдоо бага насны хүүхэдтэй залуу гэр бүл тэр дундаа өөрчлөгдөх, суралцах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг сонгон авах төлөвлөгөөтэй юм байна. Түүнчлэн тэнд ажиллах хугацаандаа харилцааны сургалтуудаас гадна өөрсдийн чаддаг зүйлийн дагуу оёж эсгэх, нарийн боов жигнэх, хүүхэд асрах гээд амьдрах ухааныг хөдөө орон нутгийн залуу гэр бүлүүдэд заана.
Энэ нь тэдний бусдад өгч байгаа ХАЙР юм. Ухааны сувдан хэлхээ хүнд бэлэн эд материаллаг зүйл өгөхөөс оюуны хөрөнгө оруулалт хийж, амьдралд хэрэгтэй бодит чадваруудыг зааж өгөхийг эрмэлздэг. Хүний оюун санаа, бодол нь өөрчлөгдөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй билээ. Ингэхдээ тэд шашин сурталчилдаггүй, гэхдээ итгэл үнэмшилдээ суурилан энэ бүхнийг хийдэг гэдгийг дахин хэлье.
            Тэдний тухай эдгээр зүйлийг сонссон хэн ч гайхан, алмайран хүлээн авах нь мэдээж. Одоо үед хүмүүс тэр бүр хөдөө орон нутаг руу нүүж амьдрахгүй, хот газар барааддаг бол, харин эсрэгээр нь хөдөө орон нутагт нүүж очоод,  өөрсдийн сурсан мэдсэнээ хуваалцаж яваа энэ байгууллагад олон хүний өмнөөс баярлалаа гэж хэлье.