1045
 
 

НАЛАЙХЫН САЙН ААВУУДАД ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРИЛАА

1045

“Аавуудаа наашаа суу” нэвтрүүлэг нь “Налайхын сайн аавууд Бат бэх гэр бүлийн төлөө нэгдэж байна” уриатайгаар аавуудын дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой 2019 оны Есдүгээр сарын 12-ноос эхлэн цацагдсан. Энэ хугацаанд багш, уул уурхайн аврагч, таксины жолооч, хүүхэд хөгжлийн мэргэжилтэн гээд салбар салбараас 10 гаруй аав оролцож, аав хүний дотоод сэтгэлийг нээн ярилцжээ. Тэгвэл Арванхоёрдугаар сарын 25 буюу Хариу нэхдэггүй хайрын баяраар нэвтрүүлгийн өсвөрийн хөтлөгчид болох Д.Тулга, Г.Сонорбат, Б.Тэмүгэн, А.Эгшиглэн, Ц.Отгонзаяа нар Налайхын сайн аавуудыг баярлууллаа. Тэд аавуудад гарын бэлэг, сонсдог радио болон урмын үг, халуун тэврэлт бэлэглэлээ.

1045

Таван хөтлөгч хүүхэд тус бүр нэг аавыг сонгож сайн ааваар өргөмжилсөн юм. хөтлөгч Д.Тулгын хувьд ээжийнхээ дүүгийн нөхөр болох махны ченжээр ажилладаг Ганболдыг сонгожээ. Тэрбээр ахынхаа тухай хэлэхдээ “Ганболд ах үр хүүхэд бас гурван ач зээгээ сайн хүмүүжүүлдэг. Зөвхөн өөрийнхөө хүүхдүүдийг гэлтгүй хамаатан садныхаа дүү нарыг маш их хайрладаг. Намайг багад минь их эрхлүүлдэг байсан” гэлээ. Харин Ганболд хариуд нь “Дүүгээ ирнэ гэж бодоогүй. Ёстой гэнэтийн бэлэг боллоо. Өмнө нь би гэр бүлийн хүмүүсээсээ бэлэг авч байсан л даа. Гэхдээ энэ удаагийнх онцгой санагдлаа. Би хүүхдүүдээ байнга тэвэрч, тэдэнд хайртайгаа хэлдэг. Хайр халамж дутаагүй хүүхэд хожим хойно амьдралаа алздаггүй гэж би боддог” гэсэн билээ.

Энэ маягаар бид хүүхдүүдийн сонгосон аавуудад гарын бэлгээ өгч явах зуур зам цэвэрлээд зогсож байсан ТҮК-ийн ажилтан аавтай уулзав. Хүүхдүүд “Гэр бүлээ гэсэн хөдөлмөрч занд чинь бэлэг өгье” гэхэд аав ихэд гайхан харснаа “Баярлалаа. Хүүхдүүдэд биш над дээр ирээд бэлэг өгнө гэж бодсонгүй. Би өөрөө хоёр хүүхэдтэй, өглөө гэрээсээ гарах тоолондоо тэднийгээ тэврээд үнсдэг. Охин хүүхдэд аавын тэврэлт, хайр халамж их чухал гэж сонссон. Тиймээс би охиныхоо анхны хайр нь байхыг хүсдэг дээ” хэмээсэн.

1045

Түүнээс гадна өчигдөр “Аавуудаа наашаа суу” нэвтрүүлэгт оролцож байсан аавуудынхаа ажлын газраар зочилж, нийт 87 орчим аавыг баярлууллаа. МСҮТ, 230-р цэцэрлэг зэрэг байгууллагаар орсон ба төлөөлөл болгон улсдаа ганцхан Үндэсний Аврах Бригадын Уул уурхайн аврах ангийн 30 гаруй аавуудтай уулзсан сэтгэгдэл хүргэе. “Биднийг хүндлээд ирсэнд их баяртай байна. Манай аврагч нар эрдэнэт хүний амь аврах үүрэгтэй хүмүүс. Бусдын сайн сайхны төлөө бид зүтгэдэг. Ер нь өмнө нь манайд яг иймэрхүү байдлаар хүүхдүүд ирж байгаагүй л дээ. Энд ирсэн хүүхдүүддээ 2020 оны хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье!”

1045

Төгсгөлд нь хөтлөгч хүүхдүүд яг л өөрөө тэрхүү бэлгийг авсан мэт баяр хөөрөөр дүүрэн байлаа.

Ц.Отгонзаяа: Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Хүнд ямар ч шалтгаангүйгээр бэлэг өгөх нь их гоё байлаа.

Д.Тулга: Би олон аавыг тэвэрсэн л дээ. Хүн бүр л ямар хөөрхөн хүүхэд вэ гээд л. Ялангуяа өөрийнхөө сонгосон аавыг тэврэхэд уйлах гэж байсан шүү.

Г.Сонорбат: Бусдыг хариу нэхэлгүй хайрлах нь хүн чанараараа байгаагийн илрэл.

А.Эгшиглэн: Миний хувьд маш их гоё мэдрэмж авлаа. Аавуудын баярлаж байгааг хараад эрч хүч мэдэрсэн.

Б.Тэмүгэн: Маш олон аавыг жаахан ч гэсэн баярлуулсандаа сэтгэл өндөр байна. Бүх ааваар бахархлаа.