1045
 
 

БАТ БЭХ ХАРИЛЦАА ДЭМЖСЭН АРГА ХЭМЖЭЭ

1045

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум нь 4000 гаруй хүн амтай. Энэ сум нь энэ оны Арван хоёрдугаар сарын 20-ны өдөр сумын соёлын төвдөө “Бат бэх гэр бүлийн харилцааг дэмжсэн арга хэмжээг” амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Малжуулах төсөл, Төгсөлтийн аргачлал, Өрхөөр айлчлах аргачлалд хамрагдсан 90 гаруй өрхийн 200 гаруй иргэн оролцжээ.
Үйл ажиллагааны нээлтийн үеэр хүүхдүүд аав ээждээ зориулан мэндчилгээ дэвшүүлэв. Гэр бүлийн түшиг тулгуур болсон нөхөр эхнэрүүддээ зориулан “Хань чамдаа” чин сэтгэлийн захидал бичиж гардуулан өгсөн нь том бэлэг болсон. Арга хэмжээнд оролцсон иргэдэд хувь хүний болон хүүхдийн хөгжлийн сэтгэл зүйн сургалтаар хэрэгцээт мэдээллийг хүргэсэн аж.
Энэ талаар Төмөрбулаг сумын засаг дарга Т.Эрдэнэбат хэлэхдээ “Хүслийн шинэ жил энэ жил маш онцгой хүмүүс оролцлоо. Энэ үйл ажиллагаанд гэр бүлийн дунд хайрын захидал, хүүхдүүдийн аав ээждээ зориулсан мэндчилгээ, сэтгэл зүйн сургалтуудыг хийж байгаа нь онцлогтой байна. Мөн оролцсон өрхүүд дунд төгсөлтийн аргачлал, гэрээр айлчлах аргачлал, малжуулах төслийн 90 гаруй өрхийн 200 гаруй хүн оролцож олныг хамарсан ажил боллоо гэж дүгнэж байна. Энэ өрхүүд гэрээрээ оёдол, гутал цагаан идээ хийдэг, арьс шир элддэг хөдөлмөрч гэр бүлүүд байлаа. Эдгээр хүмүүсээс Хөвсгөл аймгийн болон сум орон нутгийн үзэсгэлэн худалдаанд оролцоно.”
“Хань чамдаа” захидлын уралдаан таван байрыг шалгаруулж захиагаар видео бичлэг хийж иргэдэд хүргэжээ. Үлгэр жишээ шилдэг таван өрхийн танилцуулга, шагнал гардуулах үйл ажиллагаа санаачилсан нь иргэдийн талархлыг хүлээв.