1045
 
 

ДОТООД ГОО САЙХАН, ГАДААД ГОО САЙХАН ХОЁР ХАМТДАА ОРШИН ТОГТНОДОГ

1045

Гадаад гоо үзэсгэлэн эр нөхрийн нүдийг татдаг бол дотоод гоо үзэсгэлэн эр нөхрийн сэтгэлийг байлдан дагуулдаг. Энэ хоёр зүйлийг яагаад ч салгаж болохгүй гэж боддог.
Гэр бүлийн радио 104.5-ын Бэрцэцэг хөтөлбөр Арванхоёрдугаар сарын 21-ний өдөр “Гэрэлтэх цаг” сонсогчдын уулзалт зохион байгуулж, үүнд 40 орчим эмэгтэй оролцлоо. Уулзалт олон гэнэтийн бэлэг, дуу хуур, баяр хөөрөөр дүүрэн болж өнгөрсөн. Тэр дундаас хамгийн онцгой цаг нь дотоод болон гадаад гоо сайхны тухай лекц байв. Уулзалтын төгсгөлд нэгэн эмэгтэй уйлж, сэтгэлээ илэрхийлэхдээ“Би өөрийгөө хаячихсан байснаа энд ирээд ойлголоо” гэсэн юм.
 Эмэгтэй хүний амьдралд өөрийгөө алдсан мэт санагдаж, өөртөө итгэлгүй болох үе тохиодог ч энэ уулзалтад ирсэн бүсгүйчүүд өөрсдийгөө сонсож, хувьдаа дүгнэлт хийж, цаашдын амьдралаа төлөвлөж чадсан юм. Өөрөөр хэлбэл тэд урам зориг эрч хүчээр дүүрсэн.

Хувь хүний хөгжлийн багш М.Алтанцэцэг

1045

“Нөхцөл байдал ямар байгаагаас үл шалтгаалан өөртөө ямар нэг зорилго тавих хэрэгтэй. Өөрийгөө өөрчлөх, илүү өөр түвшинд очих тийм зорилго. Тэр зорилгыг таны шинэ мөрөөдөл гэж нэрлэж болно. Би гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байсан. Гэхдээ тэр харилцаанд цэг тавьж, нөхрөөсөө салах шийдвэр гарган, бүх юмыг тэгээс эхэлсэн. Үүнээс би эхлэх л ёстой юм байна гэдгийг сурсан. Эхэлсэн байхад бас учиртай. Дотоод гоо сайхан сэдэв дээр миний хэлэхийг хүссэн хамгийн чухал зүйл бол жижиг, том ямар ч хамаагүй мөрөөдөлтэй бай. Түүнийгээ эхлүүл. Зорилготой хүнд дэлхий ертөнц хүртэл үүд хаалгаа нээж өгдөг гэдэг шүү дээ.”
М.Алтанцэцэг багшийн тавьсан лекцээс ямар ч байсан өөртөө зорилго тавьж, түүнийгээ эхлүүлэх нь ямар чухал болохыг ойлголоо.

Мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун 

1045

“Дотоод гоо сайхан, гадаад гоо сайхан хоёр хамтдаа оршин тогтнодог. Гаднаа сайхан байлаа гээд дотор сэтгэл нь хар байвал ямар ч хэрэггүй шүү дээ. Өнөөдрийн уулзалтын үеэр бүсгүйчүүд надаас арьсаа хэрхэн арчилдаг вэ? гэж асууж байсан. Миний хувьд өдөр бүр нүүрээ цэвэрлээд, хөнгөхөн будаад л явдаг. Ер нь орой унтахдаа нүүрээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэрнээс биш илүү үнэтэй хувцас өмслөө гээд, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд бусдаас ялгардаг цаг өнгөрсөн юм шиг санагддаг. Харин одоо оюун ухаан, мэдлэг чадвараараа л өрсөлдөх цаг учраас тэр зүйлсдээ илүү анхаарч байна.”
Хэрэв бүсгүй таны дотоод ертөнц үзэсгэлэнтэй бол гаднаа ч гэсэн гэрэлтэнэ. Гэрэлтэх цагт ирсэн бүсгүйчүүд өөрийн доторх гэрлийг олж харсан гэж найдаж байна. Уншигч бүсгүй та дотроосоо гэрэлтээрэй. 2020 он таных байг!