1045
 
 

2019 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО

Жил бүр сурлага, урлаг спорт, нийгмийн идэвх оролцоогоороо шалгарсан шилдгийн шилдэг хүүхдүүдийг  “Оны шилдэг хүүхэд”-ээр өргөмжилж, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, алдаршуулдаг уламжлалтай. Оны шилдэг хүүхдүүдийн “Харшийн сүлд модны наадам”-ын үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар мэндчилгээ дэвшүүлж, шилдэг хүүхдүүдийн шагналыг гардуулав.
    Тус баярын арга хэмжээтэй холбоотой сэтгэгдлийг Орхон аймгийн засаг дарга Д.Батлут, “Шилдэг анги”-аар шалгарсан VIII сургуулийн 5а ангийн багш Д.Баяртүвшин болон ангийн сурагчдаас сурвалжиллаа.
Орхон аймгийн засаг дарга Д.Батлут:
Энэ жил бид бүхэн “Уурхайчин соёлын ордон”-тойгоо хамтарч шилдэг хүүхдүүдийнхээ сүлд модны наадмыг зохион байгууллаа. Энд Орхон аймагт шилдгээр шалгарсан 430 хүүхэд хүрэлцэн иржээ. Орхон аймгийн хүүхэд багачууд 2019 онд олон амжилтын эзэд болж чадсан. Сурлага хөдөлмөр, урлаг спортоор олон сайхан амжилтыг гаргасан сайхан жил болж өнгөрч байна. Нэгэн жишээг хэлэхэд бид бүхэн хүүхдийн спортын VI наадамд бүтэн багаараа оролцож, 250 гаруй хүүхдүүд оролцож улсын хэмжээнд II байранд орсон маш өндөр амжилтыг гаргаж чадсан. 
VIII сургуулийн 5а ангийн багш Д.Баяртүвшин болон ангийн сурагчид: 
Манай анги 43 сурагчтай. Манай ангийн давуу тал нь бүгд хамтарч ажиллаж чаддаг, эцэг эхийн оролцоо маш өндөртэй. Олимпиад, уралдаан тэмцээнд олон амжилтыг гаргасан. Энэ их амжилтад хүрсэндээ их баяртай байна. Таван жил сургаж хүмүүжүүлсэн багшдаа баярлалаа. Мөн ийм гоё шагнал анги нийтээрээ авсан учраас ангийнхаа хамт олонд бүгдэд нь хайртай шүү, багшдаа хайртай шүү гэж хэлье.
 Энэ жилийн шилдэг сурагчаар XIV сургуулийн 11г ангийн сурагч Э.Буянцагаан, 11е ангийн сурагч М.Гэгээн, IV  сургуулийн 12а ангийн сурагч У.Дүүрэнбаяр, XIV сургуулийн 12а ангийн сурагч О.Мөнхзаяа зэрэг нийт 20 хүүхэд шалгарлаа. “Шилдэг анги”-аар XIV сургуулийн Ц.Онончимэг багштай 12г, М.Бямбасүрэн багштай 12в, XVI сургуулийн Ш.Бадамгарав багштай 10б зэрэг есөн анги тодров. 
“Хүүхдийн оролцооны шилдэг байгууллага”-аар XIV сургуулийн “Хар хас” өсвөрийн сэргийлэгч бүлгэм, XIII сургуулийн “Эрдэм” сурагчдын өөрөө удирдах зөвлөл, II сургуулийн “Шилдэг” сурагчдын өөрөө удирдах зөвлөл шалгарсан байна.