1045
 
 

ОРХОН АЙМГИЙН 2019 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2019 онд Орхон аймагт болж өрнөсөн онцлох үйл явдлууд
1.Орхон аймаг улсын зэрэглэлтэй хот боллоо

Улсын Их Хурлын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дагуу Орхон аймаг улсын зэрэглэлтэй хот болох шийдвэр гарлаа.
2.Будгийн үйлдвэр байгууллаа 
Хоногт гурван тонн, сард 90 тонн эко будаг үйлдвэрлэх хүчин чадалтай “Будгийн үйлдвэр” ашиглалтад орлоо. “Эрдэнэт Шинжлэх Ухаан технологийн парк”-ын дэргэд байгуулсан уг үйлдвэр 12 нэр төрлийн 30 гаруй өнгийн будгийг зах зээлд нийлүүлнэ. Европ стандартад нийцүүлж усан суурьтай, үнэргүй, монгол технологиор үйлдвэрлэсэн эко будаг нь хурдан хатдаг, олон дахин давхарлах шаардлагагүй зэрэг олон давуу талтай юм.
 3. Таван сургууль, хоёр цэцэрлэгийн барилгыг эхлүүллээ 
Энэ  онд Яргуйт, Баянбулаг баг тус бүрт 150, Их-Залуу багт 100, Эрдэнэ багт 150, Булаг багт 150  хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Уурхайчин багт 928 хүүхдийн багтаамжтай сургууль, Рашаант багт 250 хүүхдийн суудалтай сургууль, Жаргалант суманд 1200 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилгын ажлыг эхлүүллээ. 
4. Хог боловсруулах үйлдвэр байгуулна
Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барина. Дээрх төсөлд Польш улсын Засгийн газраас есөн сая еврогийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоно. Төслийн хүрээнд хог боловсруулах үйлдвэр, ландфиллийн талбай байгуулах,  хог татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлнэ.  Уг ажил  2021 онд дуусна.
5. Шуурхай удирдлагын төвийг байгуулав
Цагдаа, Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төвийн 101, 102, 103 тусгай дугаарын утсыг нэгтгэсэн “Call center” буюу “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” байгуулаа. Тус төвд камерын хяналтын систем байрлаж гэнэтийн гамшиг осол, яаралтай тусламжийн үед Цагдаа, ОБГ, Түргэн тусламжийн баг 15-20 минутад очих боломжтой болж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ, Хот тохижуулах газрын автомашинуудыг GPS-ээр дамжуулан хянах боломжтой юм.
6. Өрхийн болон бичил үйлдвэрлэлээ эхлүүлэх 80 иргэнийг дэмжлээ
Аймгийн Засаг даргын санаачилгаар байгуулсан “Эрдэнэт” Шинжлэх ухаан технологийн парк нь 2017 онд гагнуурын электродын үйлдвэр байгуулж 2018 онд 140 сая төгрөгийн ашигтай ажиллаж түүгээрээ өрхийн болон бичил бизнес эрхлэх хүсэлтэй 19 иргэн тус бүрт 2 сая төгрөг буюу 38 сая төгрөг, хоёр аж ахуйн нэгжид 100 сая төгрөгийн хүүгүй, барьцаа хөрөнгөгүйгээр эргэн төлөх нөхцөлтэй зээл олголоо. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 122 сая төгрөгийг 61 иргэнд  эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосноор 80 иргэн ажлын байртай боллоо.
7. “Эрдэнэт” Цэцэрлэгт хүрээлэнг барьж байна
Цагаанчулуут багт орчин үеийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Уг хүрээлэн нь жилийн дөрвөн улирал ажиллаж, хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, соёл урлаг, үйлчилгээний хэсэгтэй бөгөөд  эко, ногоон байгууламжаар хүрээлүүлсэн байх юм.
8. Бага насны хүүхдийн дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян зарлав
Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян Орхон аймагт анх удаа хэрэгжиж 37 цэцэрлэгийн 5000 гаруй хүүхэд хамрагдлаа. Аяны хүрээнд дэлгэцийн донтолтын сөрөг нөлөөллийг таниулах, зөв дадал бий болгох зорилгоор сургалт, нөлөөллийн арга хэмжээ, судалгаа, ганцаарчилсан зөвлөгөө, гэр бүл дэх таатай уур амьсгалыг бүрдүүлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.  Мөн 2400 гаруй хүүхэд, эцэг, эхчүүдээс судалгаа авсан байна.
9. Ажилгүйдлийн түвшин буурав
Орхон аймагт ажилгүйдлийн түвшин 2016 онд 22.4 хувь, 2017 онд 23.5 хувь 2018 онд 12.7 хувь болж буурав. Энэ нь улсын хэмжээнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 2016-2019 оны хооронд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжүүлж 5000 гаруй иргэнийг ажлын байранд зуучилж, 2000 иргэн шинэ ажлын байртай боллоо.