1045
 
 

БАЯНХОНГОР АЙМАГ 2019 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2019 онд Баянхонгор аймагт онцлох үйл явдал их өрнөж, бүтээн байгуулалт болоод амжилтаар дүүрэн он байлаа. Мөн Баянхонгор аймагт 2019-2020 оныг хүүхдэд ээлтэй жил болгон хүүхэд хамгааллын ажил зохион байгуулснаараа онцлог юм. Ингээд сонсогч танд Баянхонгор аймагт болсон 2019 оны долоон онцлох үйл явдлыг хүргэе. 
1.   БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР УЛСАД ДӨРӨВДҮГЭЭРТ ОРОВ
Баянхонгор аймаг боловсролын чанарын үнэлгээг улсын дунджаас бууруулахгүй, улсын шалгалтын дунджаас 10 хувиар ахиулж, ЭЕШ-ийн оноогоор эхний Аравдугаар байрт орох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Эдүгээ боловсролын чанарын үнэлгээгээр улсын хэмжээнд Номун далай сургууль, Соого сейко сургууль, Баацагаан, Жинст, Шинэжинст, Бөмбөгөр сумын сургуулиуд улсын дунджаас дээгүүр /улсын дундаж 37.1, аймгийн дундаж 37.8/ шалгагдсан бол Баянхонгор аймаг улсын хэмжээнд дөрөвдүгээрт байранд орлоо. Мөн Номун далай лаборатори сургууль 2019 оны Монгол Улсын Топ 20 сургуулийн нэгээр шалгарав. 
2.  ТИВ ДЭЛХИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААНЫГ ӨНГӨЛӨВ
2019 онд тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Баянхонгор аймаг хоёр алт, нэг мөнгө хоёр хүрэл, нийт таван медаль хүртсэн. Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнээс 115 медалийг манай баг тамирчид авч ирж төрөлх нутгийнхаа түмэн олны бахархлыг төрүүлж байна.
3.   Б.УУГАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, гуравдугаар зэрэгтэй үсчин Б.Ууганцэцэг Дэлхийн үсчин, гоо засалчийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг эх орондоо авч ирлээ. Францын Парис хотноо болсон үсчдийн олимп гэж хэлж болох Дэлхийн үсчин, гоо засалчийн аварга шалгаруулах тэмцээнд 1000 гаруй үсчин, гоо засалчид цуглаж өрсөлдсөн юм. Уг тэмцээнээс  Баянхонгор аймгийн үсчин Б.Ууганцэцэг мэргэжил, ур чадвар, мэдрэмжээрээ шалгарч мөнгөн медалийг эх орондоо болон хонгор нутагтаа авч ирлээ.
4.   УТААГҮЙ БАЯНХОНГОР ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
НҮБ-ын хүүхдийн сантай хамтарч “Утаагүй Баянхонгор” төслийг дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор аймаг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2019 онд гэр хорооллын 200 өрхийг 360 сая төгрөгийн дулаалгын иж бүрэн багцаар хангасан юм. Мөн ирэх онд эдгээр өрхийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр зардлыг 2020 оны орон нутгийн төсөвт суулгалаа. 
5.   АЙМГИЙН ХЭРЭГЖҮҮЛСЭН ЖИРЭМСЭН ЭХИЙН НЭРИЙН ХЯНАЛТ УЛСАД ЖИШИГ БОЛОВ
Баянхонгор аймаг төрөх насны эмэгтэйчүүдийн нэрийн хяналтыг бий болгож ажилласнаар эмнэлэг, эмч, жирэмсэн эх, түүний гэр бүлийн хамтын уялдаа холбоо сайжирч сүүлийн гурван жил эхийн эндэгдэл гаргаагүй билээ . Нэрийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласнаар Баянхонгор аймгийн туршлагыг Улсын хэмжээнд нэвтрүүлэх санаачилгыг ЭМЯ-аас гаргаж Архангай, Хэнтий, Өвөрхангай, Дархан Уул зэрэг бусад аймгууд туршлага судлаад байна.
6.   АЙМГИЙН ТАТВАРЫН ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ АНХ УДАА 100% ДАВЖ БИЕЛЭВ
Баянхонгор аймгийн татварын орлогын төлөвлөгөө түүхэндээ анх удаа нэр төрөл тус бүр дээрээ 100% даван биеллээ. Энэ бол ажлын баялаг дадлага туршлага, нөр их түшигтэй мэргэжлийн чадварлаг төрийн албан хаагчдын ажилдаа чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар гаргасан хамтын чанартай бүтээл юм. Тэдний үйлс Баянхонгор аймгийн хөгжилд тодоос тод мөр үлдээж байгаад ямагт талархъя.
7.   БАЯНХОНГОР ХОТЫГ ТЭЛЭХ ШИНЭ СУУРШИЛИЙН БҮСИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Бид өнөөдөр Баянхонгор сумаа тэлж хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хүн амаа өсгөх зорилгыг өмнөө тавиад байна. Иймээс ч шинэ сууршилийн бүсийн ажлыг эхлүүллээ. Шинэ сууршилийн бүсийн эрчим хүч, дэд бүтцийн шугам сүлжээний ажлууд хийгдэж байгаагийн зэрэгцээ сургууль эмнэлгийн барилгууд тус тус баригдлаа. 2019 онд 500 иргэн сугалаагаар тухайн бүсэд газар өмчлөх эрхтэй болсны зэрэгцээ ирэх онд 1100 иргэнд газрыг нэмж өмчлүүлэхээр төлөвлөөд байна.

1045