1045
 
 

МӨРДӨН БАЙЦААХ АЛБА ТАМХИГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ

Өнгөрсөн оны Арван нэгдүгээр сард  Мөрдөн байцаах албанаас санаачлан хэрэгжүүлж буй Тамхигүй орчин-Таны төлөө аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран "Хор баяртай" төслийг хэрэгжүүлэхээр "Санамж" бичигт гарын үсэг зурсан. Уг төслийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээг бууруулахад мөн Төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар хэлэхдээ “Манай албанаас зөв хэвшил, дадлыг хэвшүүлэх зорилгоор Хор баяртай тамхинаас татгалзах аяныг хэрэгжүүлж байна. 2019 оны Арван нэгдүгээр сарын 16-нд Эрүүл мэндийн яам, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн боловсролын газартай хамтраад энэ аяныг үргэлжлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Юуны өмнө байгууллага дотроо тамхигүй байгууллага болох зорилт тавьж, тамхи татдаг албан хаагчдынхаа судалгаа гаргаж, тамхинаас татгалзах ажлуудыг хэрэгжүүлсэн. Хэрэв албан хаагч маань тамхинаас гарсан гэдгээ зарлаж, баталгаа бичиж өгвөл албаны даргын зүгээс цалин дээр нь урамшуулал оруулах зохицуулалт хийсэн. Мөрдөн байцаах албаны ажилчид бид өдөр тутамдаа нийгмийн давхаргын янз бүрийн хүнтэй харилцдаг. Хүнтэй уулзаад тамхи татахгүй, тамхи үнэртэхгүй байна гэдэг хүний хувийн соёл юм. Энэ цаашлаад тэдний гэр бүл, албан байгууллагын соёлд нөлөөлнө гэж үзэж байна.” хэмээв.
Хүүхэд бидний тусгал гэж бид их ярьдаг. Хэрэв хүүхэд үнэхээр бидний тусгал юм бол тамхи татдаг хүний хүүхэд нь тамхинд орох магадлал их гэсэн үг. Тиймээс та өнөөдөр ирээдүй хойч үеийнхээ төлөө тамхинд баяртай гэж хэлээрэй. Таны хүүхэд, таны дүү үгийг чинь биш үйлдлийг чинь харж байгааг битгий март.
Манай улсад тамхинаас үүдэлтэй уушгины хорт хавдраар өвчилсөн хүний тоо 16 мянгад хүрсэн нь тамхинаас үүдэлтэй хор уршгийн ганцхан илрэл юм. Тамхи татах нь үүнээс цааш өөр олон хор уршиг, өвчлөл, эдийн засгийн хямрал дагуулдаг билээ.