1045
 
 

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 420 МЯНГА БОЛЖЭЭ

Засгийн газрын 2019 оны Арванхоёрдугаар сарын 25-ны хуралдаанаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, төрийн алба хаагчдын цалинг инфляцын төвшинтэй уялдуулан 8.0 хувиар нэмэх шийдвэр гарсан билээ. Ингэсэнээр 2020 оны Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар тогтож байгаа юм.

Сүхбаатар аймагт энэ тогтоол хэрхэн хэрэгжиж байгаа талаар Аймгийн хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн дарга Я.Отгоноос тодрууллаа.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл цалин хөлстэй холбоотой асуудлаар албан байгууллагуудад хяналт шалгалт хийдэг. Гэтэл хувийн хэвшлүүд өнгөрсөн жил тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 мянган төгрөгөөр ажилчдаа цалинжуулдаггүй. Хамгийн доод тал нь 150-200 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Хувь хүн тухайн байгууллагад ажилд орохдоо нэн түрүүнд хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ бүх зүйлийг хуулиар зохицуулж өгдөг. Гэрээндээ өдрийн хэдэн цаг ажиллах ёстой, хэдэн төгрөгийн цалин авах ёстойг бүгдийг нь тохирч гарын үсгээ зурах хэрэгтэй. Хэрэв цагаар ажилласан нөхцөлд цагийн хөлс нь 2500 төгрөг. Мөн иргэд өөрсдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд вэ гэдгийг мэдэхгүйн улмаас тухайн ажил олгогчийн өгсөн цалинг л авдаг. Тэгэхлээр иргэд өөрсдөө ажил олгогчдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ба түүнээс дээш хэмжээгээр цалинжуулахыг шаардах эрхтэй.” гэв.

Мөн иргэн та хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээр тухайн ажилд орсон, ажиллаж байгаад хохирсон тохиолдолд хуулийн байгууллагуудад хандсан ч ямар нэгэн шийдвэрт хүрдэггүй болохыг санууллаа. Харин уг хуулийг хэрэгжүүлээгүй аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 8.2 заасны дагуу эрүүгийн хууль эсхүл зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээхийг анхааруулав.