1045
 
 

ИРГЭД ДОЛООН ТӨРЛИЙН ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны Нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын чуулганы (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Уг хууль батлагдсанаар энэ оны Нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой болон  умайн хүзүү, хөхний хорт хавдар, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой боллоо.  
Ингэхдээ хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заажээ. Тодруулбал, насны онцлогоос шалтгаалан хийгдэнэ. 40 болон түүнээс доош насныхан элэгний В, С вирус тээгч  элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа, 40 болон түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулнаа.

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас бардаг ажээ. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо юм. Тэгвэл он гараад иргэд долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах боллоо.