1045
 
 

ОВО: 2019 ОНД 26 НОМ УНШСАН

Өнгөрсөн онд өөртөө ном унших зорилт тавьж, түүнийгээ амжилттай биелүүлж чадсан сэтгэл зүйч, зохиолч мэргэжилтэй Оbо- өөрийн ном унших дадад зуршлаас хуваалцаж байна.

1045

“Би 2019 онд 26 ном уншсан. Өнгөрсөн жилээс эхлээд жил бүр унших номынхоо жагсаалтыг гаргадаг болсон. Өмнө нь иймэрхүү ном уншина даа гээд л дотроо бодож явдаг байсан бол одоо өөртөө тодорхой зорилго тавьдаг болсон. Унших номын жагсаалт гаргахдаа эхлээд өөрийн сонирхож буй сэдвийн хүрээнд ном сонгодог. Хоёрдугаарт тухайн жилийн тренд болж буй номыг хардаг. Жишээлбэл New York Times Bestseller-ийн номын жагсаалтыг үргэлж ажигладаг. Мөн үүнийгээ илүү сонирхолтой болгохын тулд хуучны сонгодог зохиолууд, намтар түүх, баримтат, романс гээд төрөл бүрийн ном багтаадаг. Миний нэг баримталдаг зарчим бол ажил дээрээ, цүнхэн дотроо, орныхоо хажууд хүртэл гээд хаа ч явсан биедээ ном авч явах юм. Нэг дор олон ном эхлүүлэх сонирхолтой байдаг. Дээр нь өдөрт дор хаяж 30 минутыг ном уншихад зарцуулдаг. Гэхдээ эхэндээ тийм амар байгаагүй л дээ. Харин өдөр бүр уншаад байхаар сүүлдээ амархан болдог.” гэсэн юм. 

Түүний өгсөн зөвлөгөөн дотор авч хэрэгжүүлж болох хэрэгтэй санаанууд их байлаа. Тэгвэл энэ онд илүү их ном уншиж, оюундаа хөрөнгө оруулах зорилготой байгаа залуустаа зориулан доорх зөвлөгөөг хүргэе.

Цаг тавь
Юуны өмнө өдөр бүр 5-10 минут ч бай ном унших цаг гаргах. Ямар ч зүйл тохиолдсон яг тэр номоо унших хэрэгтэй. Тухайлбал өдрийн хоолоо ганцаар идэх цагаараа ном уншиж болох юм. Хэрэв нэг дор удаан сууж уншиж чадахгүй бол 10, 10 минутаар өдөрт 4-5 удаа уншсаарай. Нийлбэр нь бараг нэг цаг болно шүү дээ.
Биедээ үргэлж ном авч яв
Хаана ч явсан ном авч яв. Яг л та гэрээсээ гарахаасаа өмнө “Би түлхүүрээ авсан билүү?” гэж шалгадаг шиг номоо авсан билүү гэж өөрөөсөө асуугаарай. Тэгээд автобусанд явахдаа, энд тэнд дугаарлаж зогсохдоо номоо унш. 
Жагсаалт гарга
Уншихыг хүсэж буй номынхоо жагсаалтыг гарга. Түүнийгээ энгэрийн дэвтэр юм уу тэмдэглэлийн дэвтэр дээр бич. Тэгээд бага багаар номын нэмээд л яваад байгаарай. Цахим орчинд Gmail-ээрээ номын жагсаалт үүсгэж болно. Уншаад дуусах үедээ уншсанаа тэмдэглээд явбал өөрийгөө хянахад илүү амар байх.
Чимээгүй орчин үүсгэх
Ном уншихад чимээгүй, тухтай орчин чухал. Танд саад болох ямар ч телевиз, компьютер, гар утас хажуудаа байлгах хэрэггүй.
Номын сангаар аял
Юу уншихаа мэдэхгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал амралтын аль нэг өдөр хотынхоо номын сангаар аялаарай. Тэндээс нуугдсан эрдэнэсүүд олох ч юм билүү.
Блог хөтөл
Ном уншихыг зуршил болгоход туслах нэг арга зам нь блог хөтлөх. Хэрэв танд блог байдаггүй бол хувийн хаяг нээчих. Үнэгүй шүү дээ.
Зорилго тавь
Жилийн төгсгөлд 50 ном уншина гэдэг шиг тодорхой хугацаа, тоо гаргаарай. Аль болох тэр зорилтоо биелүүлэхийн төлөө хичээгээрэй.

Төгсгөлд нь танд амжилт хүсье. 2020 он номтой нөхөрлөсөн жил байг ээ!