1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн хэмжээнд  гэмт хэргийн гаралт өмнөх онуудаас тодорхой хувиар буурсан хэдий ч малын болон тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ. Малын хулгай тэр дундаа малыг  бэлчээр  дээрээс нь хулгайлах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 79 хувийг  эзэлж байгаа учраас бод малыг хараа хяналттай байлгах нь чухал байгаа юм. Ялангуяа аймгийн төвтэй хил залгаа Тосонцэнгэл, Түнэл, Арбулаг, Алаг-Эрдэнэ Бүрэнтогтох гэсэн таван суманд малын хулгайн гэмт хэрэг хамгийн их гарч байгаа тул хөршийн холбоог сайжруулах, өвлийн идэшний үед бод малыг зайлшгүй хариулах шаардлагатайг анхаарууллаа. 

1045
Энэ талаар Хөвсгөл Аймаг дахь цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч О.Мөнхсайхан хэлэхдээ “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд  малчид өөрсдөө малаа хариулгатай байлгах нь чухал юм. Малын хулгай хийж байгаа хүмүүсийн арга нарийсаж сүүлийн үед тээврийн хэрэгсэл галт зэвсэг хэрэглэж үйлдэх нь нэлээдгүй байна. Иймд иргэд сэжиг бүхий үйлдлийг нэн даруй цагдаагийн газарт мэдэгдэж ажиллахыг уриалж байна. Мөн гэрэлтэй цонхны үйл ажиллагаанд цагдаагийн газраас эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт тавин ажиллаж байна. Хяналт тавьж үйл ажиллагааг таслан зогсоосноос хойш цагдаагийн газарт ирэх зөрчлийн дуудлага мөрөн сумын хэмжээнд эрс багассан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил мөн адил багассан. Мөн гэрэлтэй цонхноос архи согтууруулах ундааг худалдан авах гэж ирж тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсгээд байгаа тул энэ тал дээр иргэд анхаарах хэрэгтэй. Цаашид гэрэлтэй цонхны үйл ажиллагааг бүрэн зогсоох тул иргэд үүгээр үйлчлүүлэхгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.” гэлээ. 

Түүнчлэн  ховор ангийн жагсаалтад орсон амьтныг хууль бусаар агнаж хөдөө уулын модонд нууж, эд эрхтнийг оруулж ирэхээр завдаж байсныг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, гэмт этгээдүүдийг  баривчлан саатуулж  шалгалтын ажиллагааг хийж байна. Тиймээс гэмт хэрэг зөрчлөөс  урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн  нэг дэх хэсэгт  “Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах эрх бүхий байгууллага иргэдээс төлбөртэй авч болно” гэж заасны дагуу  орон байр, малын хулгайн гэмт хэрэг, хууль бус агнуурын талаар мэдээ мэдээлэл өгч цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриаллаа.
Харилцаа холбоо хөгжиж байгаа нь хулгайч нарт таатай боломж олгох сөрөг үр дагавартай. Тухайлбал малын хулгайч нар хэний мал хаана яваа, гэрт нь хэн байгаа зэргийг судалж хоорондоо утсаар мэдээлэн ярилцаж, малын хулгай нарийн зохион байгуулалттай болж буй учир хөршийн холбоог сайжруулж, малаа хариулгатай байлгахыг анхаарууллаа.