1045
 
 

ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

Сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг өсжээ. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр залилах гэмт хэрэг 2017 онд өмнөх оноос 38 хувь өссөн бол 2018 онд 2017 оноос 79 хувь өссөн. Харин өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 4680 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг өссөнийг харуулж байна.

Үүнийг дагаад Залилах гэмт хэргийн улмаас иргэдэд учирч буй хохирол нэмэгдсэн. Хохирлын хувьд мөнгөөр илэрхийлэгдэх тоон үзүүлэлт байдаг ч мөнгөөр илэрхийлэгдэхгүй хор уршиг байнга дагаж явдаг. Тухайлбал энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдэд
1.   Ар гэрт нь таарамжгүй харьцаа бий болж, хэрүүл маргаан тасрахгүй болдог. Эхнэр, нөхөр бие биенээ буруутгах зэрэг явдал гардаг.
2.   Найз, нөхөд, ойр дотнын хүн, бизнесийн хамтрагч нараас үл итгэх байдал үүсдэг. Таныг худалч, найдваргүй мэтээр хардаг.
3.   Магадгүй та бусдаас хүүтэй мөнгө зээлээд залилагч этгээдэд өгсөн бол зээлийн хүүгийн дарамт эсвэл өөрийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн бол эд хөрөнгөө алдаж байгаа гэсэн сэтгэл түгших байдал үүсэж сэтгэл зүйн хүнд дарамт, стресс үүсдэг. 

Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион явуулах, иргэд гэмт хэрэгт өртөж хохирлоос сэргийлэх, хор хохирлыг таниулан тайлбарлах,  хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх ажил арга хэмжээг тогтмол зохион явуулдаг аж.

Мөрдөн байцаах албанаас Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран  2019 оны Дөрөвдүгээр дүгээр сарын 15-30-ны өдрийн хугацаанд “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион явуулсан. Мөн одоо 2020 оны Нэгдүгээр сарын 1-нээс Хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна.

Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг:
Иргэд өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг сахихгүйгээс мэйл хаяг, фэйсбүүкийн нэр, нууц үгийг алдах, улмаар түүнийг гэмт этгээд ашиглан таны ойр дотнын хүн, найз нөхөдрүү “мөнгөний яаралтай тусламж шаардлагатай байгаа” тухай захидал илгээж мөнгө залилж байна. Гэмт этгээд таны хувийн мэдээллийг авахдаа "фишшинг" буюу өгөөш өгөх аргаар өөрөөр хэлбэл фэйсбүүк орчинд хүний сонирхол татах худал мэдээлэл гарган улмаар та уг мэдээллийг сонирхож хандалт хийхэд давхар таны фэйсбүүкийн нэр, нууц үг хийж нэвтэрч орж уншихаар өгөөш өгч таны мэдээллийг авч байна.

Энд хоёр зүйлийг иргэд заавал анхаарах ёстой. Нэгдүгээрт, та дээрх аргаар танд ирж буй "өгөөшид" хандалт хийхгүй байх. Хоёрдугаарт, хэрэв таны ойр дотнын хүнээс тусламж  хүссэн мэйл, захидал ирвэл тухайн хүнтэй заавал утсаар ярих, биеэр уулзаж байж тухайн захидалд хариу үзүүлэх шаардлагатай.

Гадаад худалдаа явуулдаг иргэд, байгууллага мэйл хаягаар илгээж байгаа захидал, мэдээллийг хууль бусаар олж авах, ашиглах явдал гарч байна. Таны мэйл хаягт танихгүй этгээдээс захидал ирэхэд та уг захидлыг нээж үзсэнээр өөрийн мэйлээр харилцагч нарын мэдээллийг алдах эрсдэлтэй. Гэмт этгээд таны харилцагч нарын мэдээллийг авснаар та хэнтэй ямар сэдвээр харилцаж байгааг мэдэж улмаар эндээс мөнгөтэй холбоотой харилцааг хянаж төлбөрийн нэхэмжлэл илгээх үед харилцагч байгууллагатай адил гэхдээ хуурамч мэйл хаягаас танд дансны дугаар илгээж  мөнгө залилдаг байна.

Энэ тохиолдолд хэрэв таны байнга харилцдаг харилцагч байгууллага, хувь хүний данс өөрчлөгдсөн тохиолдолд мөн л харилцагч нартайгаа заавал утсаар холбогдон яагаад данс өөрчлөгдсөн шалтгааныг тодруулах. Өөрт ирсэн захидлыг бүрэн нээж үзэн хаягийг өмнөх хаягтай тулгалт хийж тодруулах шаардлагатай.

Мөн иргэдийн фэйсбүүк хэрэглээ нэмэгдэхийн хирээр үүнийг дагасан гишүүд олонтой идэвхтэй ажилладаг групп, дагагч олонтой хуудасны сэтгэгдэл хэсэгт “Танд мөнгө зээлдүүлнэ”, “Та сугалааны ялагч боллоо” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхэлдэг ажээ.