1045
 
 

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНАЛЫГ АВНА

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо-ны /МЭХ/ Сүхбаатар дүүргийн салбар зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт 2020 оны Нэгдүгээр сарын 20-нд Corporate зочид буудалд болно.

“Соёлын довтолгоо-2” уулзалтын зорилго, ач холбогдлын талаар МЭХ-ны Сүхбаатар дүүргийн салбар, зөвлөлийн тэргүүн М.Орхонбаяр хэлэхдээ“МЭХ өнгөрсөн он жилүүдэд Монгол эмэгтэйчүүдийн ахуйд нь соёлын довтолгоо хийж байсан бол энэ цаг үед тэдний хандлага, оюунд нь соёл түгээх ажил өрнүүлж байна. “Довтолгоо” гэхээр сүртэй сонсогдож магадгүй. Гэхдээ хүнтэй харилцах харилцаа чинь л өөрөө соёл шүү дээ. Түүнээс гадна тус өдөр Архидан согтууруулахтай тэмцэх хуульд эмэгтэйчүүдийн саналыг дэвшүүлэх зорилгоор санал хураана”  гэв.

1045

МЭХ-ны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, Монголын Эмэгтэйчүүд сэтгүүлийн редактор Ю.Шүрэнцэцэг хуульд санал оруулах талаар дэлгэрүүлэн ярьсан юм. “Манай байгууллага Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр, Цагдаагийн Ерөнхий Газар, Архины албадан эмчилгээний төв, Майнтын хорих гээд маш олон газар очиж хүмүүстэй уулзахдаа гэмт хэрэг, гэр бүл салалт, хүчирхийллийн гол суурь шалтгаан нь архинаас үүдэлтэй байна гэдгийг олж мэдсэн. Өнөөдөр Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа архины тоо, нэг хүнд оногдох хэмжээ дэлхийн бусад орны хэмжээнээс давчихаад байна. Ард иргэд нь эрүүл ухаанаар сэтгэж чадахгүй байна гэдэг өнөөгийн соёлжсон зуунд бусад орны өмнө хоёр гараа өргөөд бууж өгч байгаатай адилхан. Тиймээс бид ээж, эмэгтэйчүүдээс архитай холбоотой асуудлаар судалгаа авч, одоо байгаа хуульд өөрчлөлт оруулна. Суурь шалтгаан судлахгүйгээр өөрчлөлт ярих боломжгүй. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 2020 онд бодлогын түвшинд ажиллана. Харин эмэгтэйчүүд та бүхэн дэмжээрэй. Манай байгууллагаар орж гарч санал оноогоо бидэнд хайрлаарай" гэлээ.

1045

Сүхбаатар дүүрэг 20 хороотой. Чуулганд хороо бүрийн салбар зөвлөлийн эмэгтэйчүүд оролцохоос гадна “Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн залуучууд, Гэр бүлийн радио 104.5-ын Бэрцэцэг хөтөлбөр, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо оролцоно. Жижиглэн худалдааны эрхлэгчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг билээ. Тэд нартай хамтраад “Соёлтой худалдаачин” аяныг эхлүүлэх ажээ.

МЭХ 21 аймаг, нийслэл гэсэн бүтэцтэй. Нийслэлээс дүүрэг бүр өөр өөрийн онцлогтой байх чиг үүрэг өгсөн. Сүхбаатар дүүргийн хувьд эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тал дээр голчлон ажилладаг. Тийнхүү Монголбанк болон ХБНГУ-ын Хадгаламжийн банкны хэрэгжүүлдэг “Хуримтлалыг зуршил болгоё” гэсэн аяны хүрээнд дүүргийнхээ эмэгтэйчүүдэд сургалт ордог. Энэ аян нь иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих хөтөлбөртэй. Сургалтад өрхийн төсөв, хувь хүний хөгжил зэрэг сэдвийн хүрээнд гэр бүлийн бүх гишүүд рүү чиглэсэн хичээлүүд багтдаг.

Эцэст нь хэлэхэд 20-ны арга хэмжээнд бүх хүнийг оролцуулах боломжгүй ба нийгэмдээ манлайлж буй 500 эмэгтэйг оролцуулах аж. Эдгээр эмэгтэй чуулганд оролцсоноор Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагын гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож, хамтын ажиллагаагаа тэлэх боломжтой.