1045
 
 

НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ХҮҮХДИЙН МӨНГӨНД БҮХ ХҮҮХЭД ХАМРАГДАНА

Монгол улсын засгийн газраас монгол улсын хэмжээнд 0-18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тухай шийдвэр гаргасан. Энэ тухай мэдээллийг Налайх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

1045

“Өмнө нь хүүхдийн мөнгийг 670 болон түүнээс доош оноотой айлд өгч байв. Харин энэ жилээс бүх хүүхдэд олгож байгаатай холбогдуулаад өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бүх айл өрхүүд хамаарна. Урьд өмнө хүүхдийн мөнгөө авч байгаад авахаа больсон айл өрхүүд арилжааны банкны хүүхдийн мөнгөний дансаа шалгах болон манай байгууллагын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаанд байгаа эсэхийг баталгаажилт хийлгэх хэрэгтэй. Дүүргийн хэмжээнд  10.606 өрхтэй гэсэн статистик судалгаа байдгаас өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаанд 8317 айл өрх бүртгэлтэй байна. Үүнээс 0-18 насны 13.468 хүүхэд бүртгэлтэйгээс 13.030 хүүхэд хүүхдийн мөнгөнд хамрагдаж байсан. Үлдсэн 436 хүүхэд болон өрхийн мэдээллийн санд бүртгэлгүй 2289 өрхийг бүртгэж 1762 хүүхдийг хүүхдийн мөнгөнд энэ нэгдүгээр улиралдаа хамруулахаар ажиллаж байна”

Одоогийн байдлаар 400 гаруй өрх хүүхдийн мөнгөндөө хамрагдахаар мэдээллээ авсан. Статистикийн мэдээллээс харахад 2019 оны судалгаагаар дүүргийн хэмжээнд 0-18 насны 15.230 хүүхэд байжээ. Мөн түүнчлэн энэ сард төрсөн хүүхдүүд хамрагдах учир 15.300 орчим хүүхдийг эхний нэгдүгээр улирлын хүүхдийн мөнгөнд хамруулахаар болсон юм.