1045
 
 

УТГА УЧИРТАЙ АМЬДРАЛ

Жошуа Филдс Мильберн болон Райан Никодемус гэх хоёр залуу дэлхий даяар 20 сая хүнд цахим хуудас, ном, подкаст, баримтат киногоороо дамжуулан “Минималист” амьдралыг сурталчилж, тэдний амьдралыг өөрчлөхөд тусалсан юм. Тэдний яриа, илтгэл, кино нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, гарч, томоохон ярилцлагуудад орж, олон орноор аялангаа илтгэлээ тавьсан билээ.

1045

Би тэдний “The Minimalism” баримтат киног нь үзээд бас л бодолд орсон шүү. Өнөөдөр хүмүүс бид мөнгийг олохоосоо илүү хурдан үрэн таран хийж байна. Хүмүүс аз жаргалыг худалдаж авах гэж хичээж байна. Зарим хэсэг нь мөнгөний төлөө мөрөөдлөө зарахад ч бэлэн байна гээд бод доо. Бид амьдралаа төгс болгох гэж зовсоор. Үнэндээ дэлхийн хаана ч төгс амьдрал байхгүй. Амьдралд дээр байх боломжгүй, үлгэрийн ертөнцийг төсөөлж, хэзээ ч дүүрэхгүй хүсэл, шуналаа гүйцээх гэж зүтгэсээр бид хаана очих вэ? Арай хурдан бас гүехэн амьдраад байгаа юм биш үү?

Тэдний гол ярьдаг зүйл нь “утга учиртай амьдрал” юм. Амьдралын утга учир гэж юу вэ?” гэх асуулт хариулахад туйлын хэцүү ч юм шиг эсвэл бүр эсрэгээрээ хамгийн амархан хариулж болохоор. Зүгээр л аз жаргалтай амьдрах биз дээ?

Таны амьдралд юу чухал, юу үнэ цэнэтэй гэдгийг мэдэхээс л минималист амьдрал эхэлнэ. Өнөөдөр би сая долларын цүнх үүрлээ гээд, мянган долларын утастай байлаа гээд миний амьдрал ямар үнэ цэнэ нэмэгдэх вэ? Бодоод үзье л дээ, би илүү аз жаргалтай болох уу, би илүү ухаантай болох уу? Мэдээж үгүй. Яг л би хэн байна, түүгээрээ л байна. Ядаж л би нэг см өндөр болохгүй шүү дээ.

Эд зүйл бол хэрэглээ. Харин хүмүүс бол энэ амьдралын утга учир, үнэ цэнэ юм.

Гэхдээ амьдралд үнэ цэнэ өгөхгүй хүмүүсийг “явуулах” ч бас минималист амьдралын нэг хэсэг юм байна лээ. Намайг хайрлахгүй, надад цаг гаргадаггүй хүмүүсийн араас хөөцөлдөх нь ч бас хэн нэгнээс хамааралтай байх сэтгэцийн “өвчин” байх шүү.

Хүний үнэ цэнэ юу хийснээр нь хэмжигдэх болохоос биш юу эзэмшдэгээр нь биш! Энэ нийгэм чамайг юу хийх ёстойг чинь зааж өгөх ёсгүй. Дэлхий бидэнд “Энийг өмс, энийг ид, энийг уу, энийг хэрэглэ, тэгэхгүй бол чи ХҮН БИШ” гэж хэлдэг. Хэдий болтол тархиа угаалгаж амьдрах вэ? Би өөрийнхөө амьдралын удирдагч. Хэн ч миний яаж амьдрахыг хэлж өгөхгүй.