1045
 
 

ХАЯГДАЛ УСАА СТАНДАРТЫН ДАГУУ ЦЭВЭРЛЭЖ БАЙГАА ИРГЭН, ААН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2019 оны Тавдугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хуулийн гол нэмэлт өөрчлөлтөөр ус бохирдуулсны төлбөрийн дээд болон доод хэмжээг өөрчилж, бохирдол ихсэх бүрт төлбөр нэмэгдэх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой тусгаж өгчээ.

Цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг ус бохирдуулсны төлбөрөөс гурван жилийн хугацаанд чөлөөлөх, ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50 хувиас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

1045
Хууль батлагдсантай холбогдуулан Монгол улсын засгийн газар, БОАЖЯ-ны зүгээс дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Үүнд:

“Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ыг ЗГ-ын 2019 оны Наймдугаар дугаар сарын 14-ны өдрийн 316 дугаар тогтоолоор баталтсан.

БОАЖ-ын сайдын 2019 оны Долдугаар дугаар сарын 02-ны өдрийн А/331 дүгээр тушаалаар ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан идэвхтэй ажиллаж дараах захиргааны хэм хэмжээний актуудыг боловсруулан батлуулжээ.

Уг захирамжид ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтад нэмэлт оруулсан. Хаягдал ус хаях зайлуулах зөвшөөрлийн бичгийн загвар, ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам, хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн гэрээний загвар, хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээ тогтоосон.

Харин аягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлал нь хянаж батлах түвшинд явж байгааг БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Д.Сайханжаргал хэлсэн юм. 

Эх сурвалж: Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам