1045
 
 

ЦААСАН УУТ, ОЛСОН УТАС

Улаанбаатар хотод бараг л долоо хоног тутам шинэ номын нээлт болж байна. Ер нь зөвхөн номын нээлт ч биш аливаа нэг арга хэмжээний дараа маш их хог хаягдал гардгийг та анзаарч байсан уу? Тэгвэл “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын нээлт байгальд ээлтэй болсон төдийгүй номын хэлбэр загварт хэд хэдэн шинэлэг санаа дэвшүүлж чаджээ. Нээлтийн дараа нэг ч хог хаягдал гараагүй нь үлгэр жишээ авахуйц санагдав. 

1045

УЛБАР хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга номынхоо агуулгад шингээсэн онцлогийн талаар хэлэхдээ “Манай улс шиг хоёр том гүрний дундах жижиг улс үндэстэн өөрийн түүхийг бичиж үлдээх нь чухал. Нэг утгаараа бид энэ номоороо түүхээ ирээдүй рүү “зөөж” байна гэсэн үг. Энэ нь өөрөө Тогтвортой хөгжлийн Боловсрол хэсгийн зорилт юм. Дараа нь хог хаягдалгүй байх агуулгыг номынхоо хэлбэр загварт шингээхийг хичээсэн. Нээлтийн дараа гурван уут ус ундааны сав үлдсэн. Би түүнийг “Eco Bin” гээд машинд очиж тушаасан. Нэг сав хийгээд 20 төгрөг авдаг гэсэн. Мөн зарим нэг хоолны хүргэлтийн газар манайхаас санаа авч хоолны хүргэлтдээ сонинг ашигладаг боллоо гэж байсан. Номын нурууг хийхдээ цаасан цавуутайг сонгосон. Магадгүй 50 жилийн дараа хаях эсвэл шатаах болсон ч байгальд амархан шингэнэ. Дээр нь номын нээлтээр ямар ч урилга хэвлээгүй”  гэлээ.

Энэ ном тогтвортой хөгжлийн зорилтыг номын агуулга болон хэлбэрийн аль алинд нь шингээжээ. Байгалийн баялгийг өөрсдөө хүртээд дуусах биш хойч үедээ үлдээх нь бидний үүрэг билээ. Харин энэ нь тийм ч том зүйлээс эхэлдэггүй аж. Үүнээс өөр бусад хэвлэлийн газрууд минь суралцаасай.