1045
 
 

ЗУРГААН НАСТНУУДАА ОЙЛГОЖ ДЭМЖЭЭРЭЙ

Миний хүү охин энэ жил 1-р ангид орсон. Хэрхэн яаж хичээлийг нь хийлгэх учраа олохгүй байна гэж олон ээж аав ярьдаг. Тэд ихэнхдээ тэвчээр алдагдаж уур бухимдлаа хүүхдэдээ гаргадаг. Харин асар их тэвчээртэйгээр хүүхдээ ойлгож, мэдэрч, сурч байж хичээлийг нь хийлгэдэг ажээ. Зургаан настнуудтайгаа хэрхэн ажиллаж байгаа ээжийн сэтгэгдлийг хүргэе.
Манай хоёр дахь хүүхэд энэ жил 1-р ангид орж суралцаж байна. Өнгөрсөн жил ах нь орж байсан. Хамгийн гол нь хүүхдийнхээ онцлогийг мэдэж тэднийгээ ойлгож байх нь чухал санагдсан. Эцэг эхчүүд өдөрт 30 минутыг заавал хүүхдэдээ зарцуулж байгаасай гэж хэлэх байна.
Таны хүүхэд цэцэрлэгийн тоглоомын талбайгаас хичээлийн ширээнд шилжиж байгаа учраас багагүй бэрхшээл тохиолдоно. Сэтгэл зүйг нь бэлтгэхээсээ гадна тухайн хүүхдийнхээ суралцах онцлогийг мэдэх ёстой . Манай хүүхэд юмыг яаж  илүү хурдан сурдаг онцлогтой гэдгийг  эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй юм. Үүнийг мэдэхгүйгээс  зөвхөн өөрийнхөө арга барилд хүүхдээ оруулж сургах гэж албаддаг байна. Энэ талаар МУБИС-ийн сэтгэл зүйн үйлчилгээний төвийн сэтгэл судлаач н. Баярхүүгээс тодрууллаа.
Цэцэрлэгт байх үеэс нь сургууль  гэж ийм байдаг, орох гэж буй сургуульд нь дагуулж ирж орчинтой нь бага багаар дасгах нь чухал юм. 1-р ангид орсон өдрөөс эхлээд шууд 30-40 минут тогтвортой сууна гэж байхгүй. Бага багаар дасгаж сургах хэрэгтэй. Хүүхэд бүр өөрийн өөрийн онцлогтой учраас хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй.
Хүүхдийнхээ хичээлийг хийлгэж сургах нь эцэг эхчүүдээс их сэтгэлийн тэвчээр шаарддаг. Эцэг эхчүүдийн том алдаа нь миний хүүхэд юм чинь миний хүслээр явах ёстой гэж боддог. Хамгийн гол нь эцэг эхчүүд үлгэрлэж үзүүлэх нь чухал юм. Тиймээс хүүхэдтэйгээ тэвчээртэйгээр харилцаж байх нь сайнаар нөлөөлөх ажээ. Хэт их албадсанаар таны хүүхэд хичээлдээ дургүй болох хандлагатай байдаг байна. Тэдний нэг удаадаа тэвчээртэй суух хугацаа таван минут байдаг ажээ.