1045
 
 

АЮУЛГҮЙ СОНГОЛТ ПОДКАСТ: ГЭРЛЭЛТ БОЛ АМЛАЛТ

Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллага, Гэр бүлийн радио 104.5 хамтран хүргэсэн “Аюулгүй сонголт” подкастын сүүлийн дугаар сонсогч танд Пүрэв гарагт 13:35-13:50 минутын хооронд радиогоор хүрнэ. Энэхүү подкастыг "No Apologies" буюу “Аюулгүй Сонголт” өсвөр үеийнхэнд зориулсан нөлөөллийн хөтөлбөрийн сургалт дээр үндэслэн “Би хэн бэ?”, “Мэдээллийн хэрэгсэл ба чи”, “Хил хязгаар ба сонголт”, “Эрүүл харилцаа” гэсэн дөрвөн бүлгийн дагуу бичсэн юм.

Сургалтын онцлог нь хүний зан чанарт тулгуурлан бэлгийн харилцааны талаар өсвөр насны хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл өгөхдөө гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцааг тэвчихийг дэмжин сурталчлах, гэрлэх хүртлээ цэвэр ариун байдлаа хадгалах нь хамгийн аюулгүй, эрүүл, усонголт гэдгийг тайлбарлан таниулах зорилготой.

1045

Сүүлийн дугаарт "Young Life" өсвөрийн байгууллагын ажилтан, Аюулгүй сонголт сургалтын сургагч багш У.Амартөгс, Г.Цэвээн нар болон хөтлөгч Дүүрээ, Сэлэнгээ нар гэрлэхээс өмнө бэлгийн харилцаанд орох нь сайн уу, муу юу? гэдгийг илэн далангүй ярилцлаа.

Гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцааг тэвчих нь насан туршийн ханиа олж, гэр бүл болох хүртлээ бэлгийн харилцааны аливаа хэлбэрээс зайлсхийх сонголт юм. Энэ л бидний яриад байгаа аюулгүй сонголт.

Яагаад та гэрлэх хүртлээ тэвчих хэрэгтэй вэ? Яг энэ асуултад "Аюулгүй сонголт" сургалт хариулна.
 
Хөтлөгч Э.Дүүрэнбаяр “Өсвөр насныхан гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орох тухай ярихаар зөвхөн түүнээс авах таашаал мэдрэмжийн талаар ярьдаг ч дараа нь үүсэх хор уршгийн талаар ярьдаггүй. Харин Аюулгүй сонголт сургалтад суугаад гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орох нь аюултай, эрсдэлтэй зүйл гэдгийг ойлгосон” гэлээ.
 
“Нэгэн удаа би хөдөө орон нутгаар сургалт заагаад явж байхдаа “үнэн, худлыг” тодорхойлох хичээл орсон юм. Хичээлийн дундуур “Гэрлэхээс өмнө бэлгийн харилцааны туршлага хуримтлуулбал гэрлэлтийн харилцаанд сайн” гэдэг өгүүлбэр байлаа. Нэг хүүхэд “тийм” гэж хариулахаар нь би түүнээс “Чи ирээдүйн эхнэр чинь маш олон хүнтэй бэлгийн харилцаанд ороод үзчихсэн туршлагатай нэгэн байгаасай гэж хүсэж байна уу? гэж асуусан.  Тэр бодож байгаад “Үгүй” хэмээн хариулсан” гэж Аюулгүй сонголт сургалтын сургагч багш Г.Цэвээн нэгэн түүхийг ярьсан.
 
Харин хөтлөгч Б.Сэлэнгэ үүнийг болохгүй гэдгийг нь мэддэг байсан ч яагаад гэдгийг нь мэддэггүй байсан. "Аюулгүй Сонголт" сургалтад сууснаар цаад утга учрыг нь илүү сайн ойлгосон гэсэн юм.
 
Г.Цэвээн багшийн хэлсэнчлэн гэрлэлт буюу хурим хүртлээ бэлгийн харилцааг тэвчээрэй. Хүлээх нь амар биш. Хүмүүс үүнийг боломжгүй гэж хэлдэг. Гэхдээ одоогийн нийгэмд гэрлэх хүртлээ бэлгийн харилцааг тэвчиж гэр бүл болсон хосуудын жишээ олон байдаг юм шүү. Гэрлэлт дугаарт орсон хоёр багш 2013 онд танилцаад, 2015 оноос хоёр жил найман сар үерхээд хуримаа хийхдээ аюулгүй сонголтыг хийж чаджээ. Тиймээс энэ амьдрал дээр байх боломжтой зүйл гэдгийг өсвөр насныхан минь санаарай.
 
Эцэст нь хэлэхэд хуримыг зөвхөн мөнгөтэй хүн хийдэггүй. Аюулгүй сонголт сургалт дээр гэрлэлтийг ШИЙДВЭР, СОНГОЛТ, АМЛАЛТ гэж заадаг. Хэн нэгнийг насан туршдаа хайрлана гэдэг амлалт бас түүнийг дагах золиос юм. Үүнд гэрлэлтээс өмнө бэлгийн харилцааг тэвчих ойлголт орж байгаа юм.

Мөн подкастын өсвөрийн хөтлөгчид болох Б.Сэлэнгэ, Э.Дүүрэнбаяр, Б.Маргад-Эрдэнэ, Н.Энхжин, З.Амарсайхан, М.Алтан-Очир, Ч.Сарнай нартаа маш их баярлалаа. 

Хэрэв та өсвөр насны хүүхдээ Аюулгүй сонголт хөтөлбөрт суулгахыг хүсвэл “Focus on the Family Mongolia" фейсбүүк хуудас руу хандаарай. Мөн Аюулгүй Сонголт хуудсыг дагаж гэрлэлтийн талаарх үнэн зөв мэдээллийг авч байгаарай.

Нэвтрүүлгийн бүх дугаарыг Soundcloud-оор орж сонсохоос гадна www.1045.mn хаягаар орж нөхөж сонсоорой.