1045
 
 

АВСТРАЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ НЭЭГДЭНЭ

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол, Австрали хоёр орны хөгжлийн гол хөтөлбөр юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 гаруй Монгол иргэн Австрали улсад суралцан төгсөж Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж иржээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар зохицуулдаг. Энэхүү хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.

1045

Тэтгэлэгт хамрагдан суралцах хугацаанд оюутнууд мэдлэг, ур чадвараа сургалт судалгаагаар дамжуулан сайжруулах боломж олгодог.

Тэтгэлэгт юу багтах вэ?  

Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгоно. Тэтгэлэгт дараах зардлууд багтана. 

Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Хоёр талын нисэх онгоцны тийз
  • Нэг удаа олгогдох суурьших олговор: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд
  • Амьжиргааны зардал – яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг
  • Баримжаа олгох сургалтын зардал – Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт
  • Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах хэдий ч суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.

Өргөдөл хэрхэн гаргах вэ?

Тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа жил бүрийн Хоёрдугаар сард эхлэн Дөрөвдүгээр сард хаагддаг. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй.

Өргөдөл гаргахын өмнө тэтгэлгийн бодлогын тухай гарын авлагыг энд дарж уншаарай. Гарын авлагад тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах ерөнхий шалгуур, сонгон шалгаруулах үйл явц, тэтгэлгийн хамрах хүрээ, оюутнуудын үүрэг хариуцлагын тухай мэдээлэл бий.

Ерөнхий шалгуураас гадна Монгол улсаас өргөдөл гаргагчид тухайн орны шаардлагыг давхар хангасан байна. Үүнтэй холбоотой мэдээллийг энд дарж татаж авна уу.

2021 оны өргөдлийн академик шалгуурт орсон өөрчлөлт

Өргөдөл гаргагчид Монгол Улсын их, дээд сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн бол дипломын голч оноо нь 3.0, түүнээс дээш, бусад оронд бакалаврын зэрэг дүүргэсэн бол тухайн боловсрол нь Австралийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөхүйц байна.

2021 оны өргөдлийн Англи хэлний шалгуурт орсон өөрчлөлт 

Өргөдөл гаргагчид 2021 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6.0 (нэгж оноо 5.5-аас доошгүй дүнтэй), эсвэл TOEFL, PTE-ийн дүйцэх оноотой байна.
2021 оны өргөдлийн хөдөлмөр эрхлэлтийн шалгуурт орсон өөрчлөлт

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдаас бусад бүх өргөдөл гаргагч 2020 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар, хоёр болон түүнээс дээш жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн гэдгээ нотлоно (хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулж тооцно).

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас авна уу:

Нэмэлт мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон нийтийн арга хэмжээг түр хугацаагаар хязгаарласны дагуу Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл өгөх уулзалтууд хойшлогдож, Гуравдугаар сарын 2-ноос хойш товлогдохоор боллоо. Шинээр товлогдсон өдөр, байршлуудыг тухайн үед нь Хөтөлбөрийн газраас цахим хуудсаар мэдээлэх ажээ.