1045
 
 

СУРАГЧИЙН ЦҮНХ БИЕИЙН ЖИНГИЙН 10 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ

Манай орны нөхцөлд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав  байхгүйн улмаас өдөр бүр цүнхэндээ үүрч явдаг.  Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд   аюул учруулж болзошгүй байгааг 1-5 ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулж байна. Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном ,   зургийн болон бусад хэрэглэгдэхүүн,  үдийн цайны хэрэгсэл,  савтай ус зэрэг зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стандарт, хуульчилсан нарийн зохицуулалт байдаггүй. Иймээс сургуулийн удирдлага, багш,  эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөмжийг хүргэж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн МХГ-ын эрүүл мэнд, боловсролын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
Манайд сурагчийн цүнхэнд мөрдөх стандарт байхгүй. Харин сургуулийн захиргаа болон эцэг эхчүүдэд зөвлөмж байдаг. Хүүхдийнхээ цүнхийг сонгохдоо гоё гангандаа биш хамгийн гол нь хөнгөн, чанартай, эрүүл мэндэд нь эерэг байх хэрэгтэй юм. Хичээлийнх нь хэрэгслээс өөр хэрэггүй зүйлсийг өгч явуулахгүй байвал зүгээр юм. 
Сургуулийн удирдлага багш нарт сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10  хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих, тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага зэрэгт  хяналт тавих ажлыг зохион байгуулахыг зөвлөжээ. Харин эцэг эхчүүдэд сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох, хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхааруулжээ.  Хамгийн гол нь сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах нь чухал юм.