1045
 
 

НОГООН ПАСПОРТ ЭЗЭМШИГЧ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аян 2018 оноос хойш орон даяар хэрэгжиж байна. Одоогоор ЕБС-ийн Эко клубийн IX-XI ангийн 100 мянга гаруй сурагч “Ногоон паспорт” аянд нэгджээ.

Уг аян нь өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлдэх, хүүхэд багачуудад байгаль орчин хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах зорилготой аж.1045
Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч, Ногоон паспорт удирдагч сурагчдын нэг Э.Мөнгөнцоож “Ногоон паспорт анх цаасан хэлбэрээр гарч байсан. Харин одоо гар утасны аппликэйшн болоод Play store, App store-уудад байршсан учраас хүүхдүүдэд хэрэглэхэд илүү амар болсон. Би энэ аянд элсэж орохоос өмнө Зургадугаар ангиасаа хойш сургуулийнхаа Эко клубийн гишүүн байсан. Эко клубт элсэн орсноос хойш миний нийгмийн идэвх сайжирч, хичээл сурлага минь ч дээрдсэн. Миний хувьд хүүхдүүдэд бага ангиас нь эхлээд байгалиа хэрхэн хамгаалах талаар заах хэрэгтэй. Би энэ аянд нэгдсэнээр байгаль орчин тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал зэрэг сэдвийн талаар их мэдээлэлтэй болсон төдийгүй гэр бүлийнхэндээ ч  эерэгээр нөлөөлж эхэлсэн” хэмээв.

Сурагчид жилийн хугацаанд “Ногоон паспорт” хөтөлснөөр хог хаягдлаа ангилан ялгах, ус, эрчим хүчийг хэмнэх, нүүрс хүчлийн хийг дор бүрнээ бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах энгийн аргад суралцаж байна. Үүний ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 тонн хүлэмжийн хийг ялгарах байсныг урьдчилан сэргийлж, 2027 оноос жил бүр 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гарахаас сэргийлж чадна гэсэн тооцоолол гарсан байдаг.

Танай хүүхэд ч гэсэн энэхүү ногоон паспортыг эзэмшиж Монгол орныхоо байгаль хамгаалах үйлсэд нэгдэж болно. Үүнийг эзэмшихэд ямар нэг нэг тусгай шаардлага байхгүй бөгөөд сургуулийнхаа Эко клубт бүртгүүлснээр "Ногоон паспорт" эзэмшигч Байгаль хамгаалах залуу үеийн төлөөлөл болж болно.

 Харин паспорт эзэмшигч сурагчид олон сонирхолтой уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдэд оролцох боломжтой болж, шилдэг баг хамт олон, шилдэг байгаль хамгаалагч болсноор олон шагнал урамшуулалд хамрагдахаас гадна, гадаадад аялах, дэлхийн байгаль хамгаалах олон улсын хурал зөвлөгөөнүүдэд Монгол Улсаа төлөөлж оролцох боломжтой болох юм.
 
Мөн энэхүү арга хэмжээнүүдэд сурагчдаа идэвхтэй хамруулсан эко клубийн багш нар олон шагнал урамшуулалд хамрагдана. Өөрөөр хэлбэр байгаль хамгаалах үйлсэд оролцохын хэрээр олон хөгжилтэй шагнал урамшууллын эзэн болох юм. Эцсийн үр дүнд байгаль орчноо хамгаалах соёл нийгэмд бий болж, богино хугацаанд бодит үр дүн гарч эхлэх болно.