1045
 
 

МИНИЙ ТӨЛӨӨ, МИНИЙ ЗҮГ НАР МАНДАНА

Учрах ёстой хүмүүс учирдаг
Уулзах ёстой хүмүүс хэзээ ч хаана ч хамаагүй уулздаг.

Энэ үгийг гагцхүү үлгэр, домог, кинонд л биеллээ олдог байх гэсэн бодол минь энэ өдөр замхарсан юм…1045Амьдын хагацал үзэж зүрхний минь нэг хэсэг хагацан одсон тээр нэгэн жилээс хойш яг 15 жилийн дараа бид дахин уулзлаа. Амьдралын сайхан нь уулзах, тэр дундаа цаг өдөр товлолгүйгээр гэнэт уулзах бүүр сайхан юм. Би тэр хүнтэй хэзээ ч уулзахгүй гэж боддог байсан атлаа өнөөдөр нүүр нүүрээ хараад өнөөг хүртэл амьдарсан түүхээ ярилцаад сууж байна гэхэд нэг л итгэж өгөхгүй нь. Түүний байгаа байдал, дотоод сэтгэлийг нь сонсоход үнэхээр хүндлэхгүй байхын аргагүй сайхан эмэгтэй. Яг л нар шиг тийм гоё дулаан мэдрэмж ширээний цаанаас мэдрэгдэж байв. Урт удаан хугацааны туршид миний тэр хүний тухай буруу ойлголттой байсан, үзэн ядсан сэтгэл минь тайлагдаж нууцхан уулзахыг, тэврүүлэхийг, үнэсүүлэхийг хүссэн мөрөөдлүүд энэ өдөр, энэ цаг мөчид биеллээ олсонд Бурханд талархаад баршгүй нь. Анх удаагаа уулзсан ч бид амархан бие биенээ ойлгож олон зүйлийн зангилааг тайлан ярилцсан юм.

Эх хүний үрээ гэх сэтгэл ямар агуу байдгийг би өнөөдөр л ойлгож байна. Бид хэдийгээр хол байсан ч эх үрийн нандин холбоогоор үргэлж хамт байжээ гэдгийг ярилцах тусам ухаарч байлаа. Үнэндээ яг энэ агшинд надаас илүү жаргалтай хүн ертөнцөд байхгүй юм шиг санагдана. Өмнө нь миний хувьд дэлхийд ганц Сар л манддаг байсан бол одоо нар ч манддаг боллоо.

Цаг орой болж салах мөчид ээж, намайг энгэртээ чанга тэврээд хацар дээр үнэсэхэд өдий хүртэл эмтэрсэн элэг минь дэвтээд баярласан бололтой хоёр нүдний нулимс тогтохгүй урсаад л... Бид салах боллоо. Шөнийн тэнгэрт мэлтийх сар хүртэл намайг дагаад уйтгарлах шиг. Гэхдээ бид дахин уулзана. Яагаад гэвэл маргааш нар гарна, миний төлөө миний зүг …

Амьдрал урт удаан шүү л гэдэг. Үнэндээ их хурдан юм. Нисэх мэт гэвэл яг ононо. Гэтэл намайг ч өсөж том болохыг хүлээхгүй мэт хурдлах ийм давчуу цаг хугацаанд жаахан гэлтгүй би сэтгэлдээ ямар их гомдол хурааж амжаа вэ? Ердөө гомдол дотроо амьдарч, өөр зүйлийн амт үнэр, дуу чимээ, өнгө будгийг мэдрээгүй явсан мэт. Харин гомдол тайлагдахад, балчирхан оюунд минь орчлон дэлхийн өнгө тодорсон.

Тийм ээ бүх зүйл цаг хугацаатай юм байна. Гомдолд хүртэл дуусах цаг хугацаа байдгийг би ойлгосон.

Жаргал зовлон сүлэлдсэн энэ хорвоо дээр ганцхан өөрийгөө л хүнд ачаа тээж яваа хохирогч гэж бодож явжээ. Эцэс төгсгөлгүй бодлынхоо гүнд боол нь болж, дээшээ босож чадахгүй болчих вий гэхээс би заримдаа айдаг байсан. Гэтэл мөлхөөд ч болтугай амьдрах хэрэгтэйг ээжтэйгээ уулзсан үдэш ухаарсан. Уучлах!!! Үүнийг их хэцүү зүйл байх гэж би боддог байсан. Гэтэл их амархан юм билээ. Ганцхан хормын дараа уучлал намайг хамгийн аз жаргалтай хүн болгож хувиргасан. Тиймээс та,

Зүрхээ чөлөөл. Амраг хайртыгаа анд нөхрөө аавыгаа бас ээжийгээ уучил. Тэгээд өчигдрөөр биш маргаашаар ч биш гагцхүү өнөөдрөөр амьдар. Өнгөрсөнд хүлсэн дурсамжаасаа өөрийгөө чөлөөл. Маргааш уулзах хүнтэйгээ өнөөдөр амжиж уулз. Маргааш ачийг нь хариулна гэж хүлээж суухаа болиод өнөөдөр аав ээждээ ямар их хайртайгаа хэл.
Аз жаргалтай амьдралын нууц жор юу гээч Зүгээр л уучил, Тэгээд хайрла.

Эцэст нь хэлэхэд тайлах ёстой оосрыг хэзээ ч бүү тастаарай!