1045
 
 

ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР 2020: ХҮН БҮРИЙН ДУУ ХООЛОЙ

2020 оны Дэлхийн Радиогийн Өдрийн уриа “Бид Олон Талт  Радио” буюу “Pluralism, Representation, Diversity” гэх гурван тулгуур ойлголтоос бүрдсэн. Энэ талаар Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш, Түншлэл хариуцсан менежер Ж.Оюунцэцэгээс мэдээлэл авлаа.

1045
     - Та энэ жилийн уриалгын тухай багш хүний үүднээс тайлбар өгөөч?
“Pluralism” буюу олон талт байдал, олон ургалч үзэл, “representation” буюу төлөөллийг оролцуулах, “diversity” буюу өргөн цар хүрээний байх гэсэн гурван агуулгын хүрээнд 2020 оны Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэж байна. Олон ургалч үзлийн хувьд хүн бүр нас, хүн ам зүйн бүтэц, шашин шүтлэг, улс төрийн үзэл баримтлал зэргээс шалтгаалаад өөр өөрийн үзэл бодолтой. Үндсэндээ радио тэрхүү олон янзын үзэл бодлыг эн тэнцүү, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, төрөл бүрийн төлөөллийн дуу хоолойг нэвтрүүлж, олон хүнд хүрч байх ёстой гэсэн санааг харуулсан. Радио анхнаасаа дайны үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан шүү дээ. Тэр талаас нь харсан ч аливаа мэдээллийг шууд дамжуулах өвөрмөц онцлогтой гэдгийг илтгэдэг. Жишээ нь радио заавал сонин шиг агуулга нь тодорхой хугацаанд хадгалагдаж, гараас гарт хэвлэлтээр дамжин эсвэл телевиз шиг томоохон техник төхөөрөмжөөс хамаарахгүй. Харин уян хатан, мэдээллийг олон хүнд шуурхай дамжуулах боломжтой байдаг.
     - “Олон талт байдал” гэдгийг илүү тодотговол?
Радиогийн нэг байгууллага “diverse” байх гэдэг санаанаас илүү радиогийн хэрэглээ өөрөө маш өргөн хэрэглээний, хүн бүрт хүрэх хүртээмжтэй, хүр бүрийн дуу хоолойг олон нийтэд хүргэхүйц байх хэрэгтэй гэж харах нь зүйтэй. Үүнийг нийтэд ойлгуулахын тулд Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн суурь боловсролын талаарх ойлголтыг хүүхэд залуучуудад хүргэх ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
     - Сүүлийн жилүүдэд хүмүүс радиог тухайлсан радио төхөөрөмжөөр сонсохоо больсон. Цахим радио, подкаст газар авч байна. Тэгвэл радионууд хэлбэр, агуулгын хувьд хэрхэн төрөлжих хэрэгтэй вэ?
Цахим орчин хөгжсөнөөр хэвлэл мэдээллийн аль ч хэрэгсэлд маш их өөрчлөлт гарч байна л даа. Жишээ нь сонины тоо өдрөөс өдөр буурч байгаа бол радио хэдийгээр тоо нь буурч байгаа мэт боловч энэ нь радионууд ажиллахаа болиод, огт үгүй болсон гэсэн үг биш. Харин ч технологийн боломжийг ашиглан өөр өөр хувилбар руу шилжихэд нээлттэй болж байна. Мөн апп дээр суурилсан подкастууд явж байна. Подкаст нь зорилтот хэрэглэгчид, зорилтот мэдээллийг тодорхой давтамж, хөтөлбөртэйгөөр хүргэх нэгэн арга юм. Бид одоо радио төхөөрөмжөөс хамааралгүй болсон. Тиймдээ ч бид энэ жилийн урилгыг агуулга, хэлбэр, суваг гэхчлэн өргөн хүрээнд харах хэрэгтэй.
     - Радио өнөө хүртэл оршин тогтносоор байна. Төгсгөлд нь та радиогийн давтагдашгүй онцлогийг хэлж өгөөч?
“Та өдөр тутамдаа радио сонсдог уу?” гэж асуухад зарим хүн үгүй гэж хариулдаг. Гэтэл яг судлаад үзэхээр санамсаргүй бөгөөд санаатайгаар сонсох магадлалтай мэдээллийн хэрэгсэлд радио багтдаг. Хүнд илүү хүртээмжтэй. Хүмүүс зорьж радиогийн төхөөрөмж асааж радио сонсдоггүй боловч ямар нэг байдлаар радиогийн мэдээллийг авч байдаг. Түүнчлэн  радио нь зардал багатай сэтгүүл зүйн контент бүтээх хэрэгсэл. Өөрөөр хэлбэл аудио бичих, ямар ч төхөөрөмжөөр радиогийн бүтээл хийх боломжтой. Бүр мэргэжлийн түвшинд биш ч гэсэн сонирхогч хүн гар утасны апп ашиглаад боловсруулсан бүтээлээ шууд олон нийтэд түгээж болох юм.