1045
 
 

МАЛЧДЫН ХҮҮХДҮҮД СУРГУУЛЬД АМЖИЛТТАЙ БЭЛТГЭГДЭЖ БАЙНА

Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр БСШУСЯ-тай хамтран “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь “ төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Төслийг Архангай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын  30 суманд хэрэгжсэн ажээ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй алслагдсан хөдөөгийн малчдын 5 настай 4000 орчим хүүхэд аав ээжийнхээ тусламжтайгаар хамрагджээ. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр малчин өрхийн 8500 гаруй хүүхэд, тэдний эцэг эх, багш нар, иргэд олон нийтэд ихээхэн үр дүнгээ өгсөн байна. Иймд БСШУСЯ-аас энэхүү хөтөлбөрийг баталж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Энэ талаар Хүүхдийг ивээх сангийн нөлөөлөл, мэдээлэл харилцааны менежер М.Хулангаас тодрууллаа.
Энэхүү төслөөрөө  бид гурван хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэр бүлийн орчинд бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн танин мэдэхүй болон хэл ярианы чадварууд нь СӨБ-д хамрагдаагүй болон бусад сургалтад хамрагдсан хүүхдүүдийнхээс өндөр байсан. Хөтөлбөрийн үр дүнд төсөл хэрэгжсэн аймгуудын СӨБ-ын хамран сургалтын хувь нь 2012-2013 оны хичээлийн жилд 72,8 хувь байсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 86 болж өссөн.
Энэхүү хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа бага насны хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшихүй сэтгэлийн хөдөлгөөн, бие бялдрын хөгжлийн холбогдох чадварыг зохих түвшинд цогцоор нь эзэмшихийг дэмжиж, эцэг эхэд хүүхэдтэйгээ ажиллах арга барилд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Хүүхэд боловсролын нэг түвшнээс нөгөө түвшинд  шилжих шилжилтийг зөв хийх нь тэдний суралцах үйлд эерэг нөлөө үзүүлж, насан туршийн амьдралынх нь  суурь болдог.