1045
 
 

ФИЗИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭРЭГЦЭЭНЭЭС ЧУХАЛ УУ?

А.Маслоу 1940 оны үед хүний хэрэгцээний таван шатлалын онол боловсруулсан. Та энэ талаар аль хэдийн сонссон байх. Гэхдээ энэхүү онолыг арай талаас нь харах гээд үзье. Судлаач хүний хэрэгцээг тав шатлахдаа анхдагч болон дээд хэрэгцээ гэж тоймложээ. Онолын гол санаа нь хүний эхний хэрэгцээ хангагдсаны дараа дээд түвшний хэрэгцээ үүснэ. Өмнөх хэрэгцээ нь тодорхой түвшинд хангагдаагүй байхад дээд түвшний хэрэгцээ хангагдахгүй гэж үздэг. 

1045
Бие физиологийн хэрэгцээ болон аюулгүй байх хэрэгцээг хүний анхдагч хэрэгцээ. Мэдээж бие мах бодийн хэрэгцээ нь хүн амьд явахад зайлшгүй чухал. Үүнд амьсгалах, ууж идэх, хувцаслах, унтаж амрах гэх мэт амьдралын хэрэгцээ ордог.

Аюулгүй байх нь товчхондоо ирээдүйдээ итгэлтэй байхыг хэлнэ. Үүнд найдвартай ажлын байр эрүүл мэнд, даатгал, мэргэжил боловсрол зэрэг багтана. Түүнчлэн хүчирхийлэл, гэмт хэргээс ангид байх, сэтгэцийн амар тайван байдал бас ордог.

А.Маслоугийн онолоор бол дээрх хоёр хэрэгцээгээ хангагдаж чадаагүй хүмүүс дээд буюу дараагийн түвшний хэрэгцээгээ хангахад хэцүү. Дээд хэрэгцээнд нийгмийн хэрэгцээ буюу хамт олон, хайр сэтгэлийн хэрэгцээг хэлнэ. Энэ нь хэн нэгэнд хамаатайгаа гэдгээ мэдрэх, хайрлагдахаа мэдрэх юм. Дараа нь хүндлүүлэх хэрэгцээ буюу өөрийгөө хүндлэх хувийн амжилт, мэдлэг чадвар, хүрээлэлдээ хүлээн зөвшөөрүүлэх юм.
 
Төгсгөлд нь буюу хамгийн оргил цэгт өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ буюу өөрийн авьяас чадварыг хөгжүүлж, шилдэг хүн болох хэрэгцээг авч үзжээ. Тэрбээр эхний онолоо дэлгэрүүлэн 1970 онд танин мэдэхүйн бас гоо зүйн хэрэгцээ болон бие мах бодийн бус хэрэгцээ гэж нэмжээ. Тэдгээрт аливаа зүйлээс гоо зүйн таашаал авах, бүтээлч байдал зэргийг багтааж…
 
Нэг ёсондоо хүн хөгжихийн хэрээр хүний хэрэгцээ улам өсөх аж. Гэхдээ энд боловсролгүй хүн бусдаар хайрлуулж, нийгмийн нэгэн эд эс байх эрхгүй юм уу? гэдэг асуулт урган гарч байна. Бас орон гэргүй, өлсгөлөн хүмүүс хайрлуулж болохгүй юу? Тэд ч бас амьдралаас таашаал авах хэрэгцээгүй юм гэж үү?
Яг үүнтэй холбоотойгоор сүүлийн үед зарим сэтгэл судлаачдын дэвшүүлж буйгаар энэ онолын гол асуудал нь нийгмийн харилцаа, хамтралыг орхисон явдал юм. Нийгмийн холбоо, хамтралгүйгээр дээрх бүх хэрэгцээ хангагдахгүй. Жишээ нь хооллох, бэлгийн харилцаанд орох, аюулгүй байх, хамт олонтой байх зэрэг нь хамтралгүй бол боломжгүй.

Тэгэхээр хүний хэрэгцээг шатлал гэхээсээ илүү харилцан хамааралтай холбоосууд гэж үзэж байна. Аль шатанд байгаагаас үл хамаарч хүний хэрэгцээ хангагдаж байх ёстой. Мэдээж бидэнд хоол хэрэгтэй. Физиологийн хэрэгцээ маш чухал. Гэхдээ сэтгэл зүйн хэрэгцээг бие мах бодынхоос дор гэж авч үзэх нь учир дутагдалтай.

Хүн бүр яг энэ загварын дагуу байх албагүй юм. Хүн бүрийн үнэт зүйл, өссөн орчин, нийгэм соёлын нөхцөл байдал өөр билээ.

Амьдрал дээр “Би чамайг өмсөж зүүх, уух идэхээр дутаасан билүү” гэдэг үгийг эцэг эхчүүд хүүхдэдээ хэлдэг. Тэдний бодлоор хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй байвал эцэг эхийн үүргээ сайн биелүүлж байгаа хэрэг. Бид физиологийн хэрэгцээн дээрээ хэтэрхий их тулгуурлаад өдийг хүртэл ирсэн байж магадгүй юм. Гэтэл сэтгэл санаа, нийгэм, бусадтай харилцах харилцаа, гоо зүйн таашаал гээд бүхий л хэрэгцээг хүн бүхэн авах хэрэгцээтэй байдаг. Энэ нь бусадтай харилцах үед боломжтой болдог.

Төгсгөлд нь хэлэхэд А.Маслоугийн онолыг буруутгаагүй бөгөөд тэр хүний сэтгэл судлалын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээр ихэд үнэлдэг. Гэхдээ цаг үеэ дагаад энэ онолыг шинэчлэхгүй бол өнөө цаг үед тохирохгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. 
 
Ашигласан эх сурвалж:
https://www.forbes.com/sites/deloitte/2019/12/09/three-ways-cpos-can-master-complexity-and-get-ahead-in-2020-and-beyond/#1de9d3646fdd