1045
 
 

ХОГОН МАНГАС: НЭГ ЧИХЭР НЭГ ХОГ

Хогон мангас бол хогоо ангилж, байгаль дэлхийгээ хайрлан амьдрах тухай өгүүлэх анхны монгол үлгэр юм. Энэхүү ном Гялгар Уутгүй Монгол хөдөлгөөн, Хоггүй Монгол төрийн бус байгууллагын санаачилгаар 2019 онд гарсан. Тус байгууллага нь хүүхдүүдэд хог хаягдлын талаар ойлголт өгөх тал дээр анхаарал тавин ажилладаг.

1045
Үнэндээ багш, эцэг эхчүүд хүүхдүүдэд шинжлэх ухаан заадаг ч амьдралын ухаан хэр их заадаг билээ?Энэ талаар Гялгар уутгүй Монгол хөдөлгөөнийг санаачлагч М.Бүжинлхам хэлэхдээ “Намайг бага байхад хэрэв ганцхан чихэр идэхэд тэр чинь хог болно. Эргээд хаясан хогоосоо болоод хүмүүс бид өөрсдөө хордоод байгаа юмаа гэдэг ийм мэдээлэл өгдөг байсан бол юу гэж ийм юм ярих билээ. Энийг мэддэггүй байсан учраас бид л хаясан хогоосоо болж хордож байна. Бид өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд бүх насныханд тохирсон олон сургалт хийсэн. Хүүхдүүд “Хогоо хогийн саванд хийх ёстой” л гэж хариулахаас биш ангилах тухай огт мэдэхгүй байсан. Тиймээс бид Монголдоо анх удаа “Нэг чихэр Нэг хог” ойлголтыг таниулах “Хогон Мангас” үлгэрийн зурагт ном хэвлүүлсэн” хэмээв. 

Харин уншигч хүүхдүүд “Зохиолын гол баатар руу хогон мангас дайрч байгаа нь аймаар санагдсан. Ямар ч хог гарсан заавал ангилах хэрэгтэй. Ангилахгүй бол дэлхий хогоор дүүрээд, амьтад хог хуванцар идээд, хордоно. Дээр нь чихэр идэх нь эрүүл мэндэд муу гэдгийг бас ойлгосон” гэлээ.

Номын онцлог нь шохоогүй цаасаар хийгдсэн тул цаасыг дахин ашиглагдах боломжтой. Хамгийн гол нь номын зургийг Долдугаар ангийн охин Т.Эрдэнэсувд зуржээ. Хүүхэд хүүхдэдээ зориулж зурсан учраас ойлгомжтой. Дээр нь үлгэр уншаад дуусах биш  номоос хүүхдүүд давхар мэдээлэл авахуйц.
Тухайлбал нэг хог хаялаа гэхэд төрлөөсөө хамаараад хөрсөнд хэдэн зуун мянган жил хадгалагддаг талаарх НҮБ-ын судалгааг оруулжээ. Үлгэрийн төгсгөлд хогийн савны ангиллыг харуулж, өнгө өнгөөр ялгаж өгсөн. Түүнчлэн дасгал ажлын хэсэгтэй нь хүүхдийн ой тоонд үлдээхүйц болжээ. 

Яг үнэндээ энэ номыг хүүхэд гэлтгүй том хүмүүс ч гэсэн уншихаар санагдсан шүү. Ялангуяа хөл хорио тогтоогоод байгаа энэ үед Хогон Мангас номоо хүүхэдтэйгээ хамт уншиж, иргэний боловсролоо дээшлүүлээрэй.