1045
 
 

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЦАГ

Баянхонгор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн зургадугаар хуралдаанаар Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хот хоорондын зорчигч тээвэр болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг ирэх Гуравдугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл хаасан.

Баянхонгор аймгийн 166 хяналтын цэгт байнгын болон явуулын эргүүл хяналтад нийт 334 алба хаагч,166 тээврийн хэрэгсэлтэйгээр 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Улсын хэмжээнд Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй  холбогдуулан аймгийн онцгой комиссоос орон нутгийн чанартай авто замын төвлөрсөн суурин газрын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргаж, уг үйл ажиллагаанд аймгийн төрийн байгууллагын бүх албан хаагчийг татан оролцуулан ажиллахыг үүрэг болгосон.1045Баянхонгор аймгийн цагдаагийн газрын дарга хурандаа Ц. Анхбаяр:
"Хорио цээрийн дэглэмийн хязгаарлалтыг иргэд зөрчихгүй байх, гарсан тогтоол шийдвэр, захирамжийг нэг бүр хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна. МУ-ын ерөнхий сайд хэлсэн үгэндээ Төрийн төмөр нүүрийг харуул. Хариуцлага алдаж байгаатай хүмүүст хяналтаа тавьж хариуцлага тооцон ажиллах ёстойг хэлсэн. Нэг хүнээс болоод хохирол учирвал хэн хариуцах вэ? Иймд дор бүрнээ хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг алба хаагчдадаа үүрэг өгч ажиллаж байна" гэв. 

Цагдаагийн байгууллагаас  алба хаагчдад тусгай үүрэг өгч хатуу шаардлага тавин ажиллаж байгаа аж. Тухайлбал Бөмбөгөр сумын постоор нэвтрэн Бууцагаан сумын пост дээр ирсэн тохиолдолд хэн гэдэг алба хаагч нэвтрүүлж гаргасан шалтгааныг тогтоон хариуцлага тооцон арга хэмжээ авч ажиллах юм. Энэ өдрүүдэд иргэд төрөөс гаргасан шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигаас эхлээд онцгой комисс болон ерөнхий сайдын үүрэг чиглэл, холбогдох хууль тогтоомжуудыг ягштал биелүүлж ажиллах шаардлагатай байна.

14 цэгийн хяналтын постууд дээр ажиллаж байгаа алба хаагчдад хоол ундыг нэгдсэн зохион байгуулалтаар бэлтгэж олгохоор болжээ. Баянхонгор сумын цэцэрлэгүүд хязгаарлалтын дэглэмийг дуустал өглөө, өдөр, оройн хоолыг хүргэх юм.
Харин Аймаг, сумаас гарч орох хөдөлгөөнийг хаасантай холбоотой иргэд хулгайн замаар явах зөрчил гарч байгаа учир тухайн иргэдэд торгууль оногдуулж гэрт нь буцаах арга хэмжээг авч байгаа юм. Мөн иргэдийн хэнэггүй байгаа гэж хэлж болох нэг зүйл хүүхдүүдээ авч явах, хорио цээрийн дэглэмийг үл ойшоосон байгаа нь эргээд өөрсдийнх нь эрүүл мэнд, амь насанд аюул дагуулах болзошгүй нөхцөл байдлыг үүсгэхгүй байхыг анхаарууллаа.
 
 
 
 
 
 
       
 
 
.