1045
 
 

АЛДАГДСАН ХОЛБООГОО ОЛЖ, БУЦАЖ ХОЛБОГДОХ НЬ

Яагаад хүмүүс зовж шаналдаг юм бол? Яагаад хүмүүс сэтгэл гутралд орж бас сэтгэл санаагаар унадаг юм бол? Иохан Хари зохиолч эргэн тойрныхоо асар их ганцаардмал хүмүүсийг ажиглаж, тэрхүү асуудлын шалтгааныг олохоор дөрвөн мянга гаруй км аялж, хоёр зуу гаруй хүнээс ярилцлага авчээ. Үр дүнд нь ном бичиж, сэтгэл гутрал болон сэтгэлийн түгшүүр үүсгэгч есөн шалтгааныг тодорхойлж, түүнээс гарах алхмуудыг санал болгож буй нь энэ.

1045Юун түрүүнд энэ номыг хүн бүр уншаасай гэж хүсэж байгаагаа хэлье. Бид биедээ дасгал хөдөлгөөн хийж, гоё ганган хувцас худалдан авч, эрүүл хоол идэхийг эрмэлздэг атлаа хааяа ч болов сэтгэлээ тольдож, сэтгэл зүйчид ханддаггүй шүү дээ.

Зохиолч 18 насандаа сэтгэл гутралыг эмчлэх эм ууж байсан тухайгаа номын эхэнд хэлдэг. Түүний эмч нь “Сэтгэл гутрал бол тархины өвчин бөгөөд үүнийг энэ эмээр эмчилнэ” гэж санал болгож. Гэвч олон жил тэр эмүүдийг уусан ч яагаад юу ч өөрчлөгдсөнгүй вэ? Надад энэ түүх их сонирхолтой санагдав. Сэтгэл гутралын эм уух нь Барууны нийгэмд түгээмэл үзэгдэл юм байна. Хэрэв чи гунигтай байвал найз нөхөд, гэр бүлийнхэн, мэргэжлийн эмч хүртэл эм уухыг зөвлөж, жор бичиж өгнө. Харамсалтай нь асуудлын гол нь эмэнд биш байж.

Алдагдсан холбоосууд:

  1. Утга учиртай ажил
  2. Бусад хүмүүс
  3. Утга учиртай үнэ цэнэ
  4. Хүүхэд насны цочрол
  5. Хүндлэл, нийгмийн байр суурь
  6. Байгаль ертөнц
  7. Баталгаатай, найдвартай ирээдүй
  8. Тархины өөрчлөлт болон генийн жинхэнэ үүрэг

Дээрх холбоосны алинаас нь та тусгаарлагдсан байна? Таньж мэдэхийн тулд номын бүлэг бүрийг анхааралтай уншаарай. Би бүлэг бүрийг задалж бичихийн оронд өөрт хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бүлгээ хуваалцъя.

Аз болоход надад хамгийн эхний шалтгаан болох утга учиртай ажлаас тусгаарлагдах нь бүлэг төдийлөн хамаагүй байв. Учир нь би ажилдаа дуртай биш бүр хайртай хүн. Даанч маш олон хүн амьдралд дээр дургүй зүйл хийж байгаагаас болж сэтгэл гутралд ордог. Ажлаа хийх ёстой учраас, мөнгө олон хэрэгтэй учраас л хийдэг хэдэн арван сая хүн дэлхий дээр байна. Магадгүй та тэдний нэг байж болох юм.

Харин хоёрдугаар шалтгааны хувьд, заримдаа надад энэ дэлхий дээр ганцаараа амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ бүлэг яг л тэр мэдрэмжийг нь хатгаж орхив. Зохиолч энэ үеийнхэн өмнөх үеийнхнээс илүү ганцаардмал болсон гэв. Хэдийгээр цахим ертөнцийн ачаар өөр хоорондоо хормын дотор холбогддог болсон ч утга учиртай харилцаа үгүй болжээ. Уг нь хүмүүс эрт дээр үеэс омог аймгаараа амьдран сууж, гэр бүл зохиож, бүх зүйлийг хамтдаа хийсээр ирсэн. Харин өнөөдөр ганцаараа байна гэдэг урлаг болтлоо хөгжиж, гэр бүл найзын ойлголт өөр болсон.

“Бидний сошиал ертөнцөд бичиж буй бүхэн хэн нэгэн намайг анзаараач гэсэн гуйлт юм”

Тэгэхээр цахим орчинд гаднаа аз жаргалтай царайлсан, дотроо бол намайг анзаараач, надад туслаач гэсэн хүмүүс дүүрэн байна. Та бас бусад хүмүүсээс тусгаарлагдсан, ганцаараа мэт мэдэрч байсан бол аль болох хүмүүстэй амьд харилцаа үүсгэхийг хичээгээрэй.

Алдагдсан холбоо номыг уншиж дуусаад би аялах ёстой юм байна, байгальд гарах хэрэгтэй юм байна гэх бодол хүчтэй төрсөн. Юу юунаас ч илүү. Номд өгүүлснээр сэтгэл гутралд хүргэдэг есөн шалтгааны нэг нь “Байгаль ертөнцөөс тусгаарлагдах” юм. Тэгээд л би “The Green Zone” буюу ногоон ургамлаар дотоод заслаа тохижуулсан ресторан орж, яг энэ цонхны хажууд суунгаа номоо уншиж дуусгалаа.1045Байгалийн гоо сайхан, уудмыг харж бид өөрсдийнхөө ямар өчүүхэн болохыг мэдэрснээр өөрөөрөө бахархах сэтгэгдлээ гээж эхэлдэг. Сэтгэл гутралд орсон хүмүүс хөдөө талд очоод өөрчлөгддөг. Тэд хөх тэнгэр өнгө өнгийн цэцэгсийг мартсан байдаг гэж байлаа.

Дөрвөн хананы дунд өдөр хоногийг өнгөрөөж байхдаа гэнэт бухимдал төрөөд байсны шалтгааныг энэ номыг уншиж байж л мэдлээ.

“Өвдөлт”

Энэ үгийг онцолмоор байна. Өвдөлт бол амьдралын нэг хэсэг. Өвдөлт мэдрээгүй хүн байхгүй. Бид өвдөлтөө эмчлэхийн тулд суурь шалтгааныг нь олох хэрэгтэй. Өвдөх үедээ өвчин намдаах эм уугаад өнгөрвөл түрхэн зуур л үйлчилнэ. Эм уудаггүй юм аа гэхэд тамхи татах, архи уух, хэтрүүлэн идэх, кофе уух зэрэг ямар нэг донтолтоор түр намдаахыг оролдох тусам таны сэтгэл зүй болоод бие махбодод чинь хортой. Жишээ нь би өвдөлтөө мартахын тулд хэтэрхий их дуу сонсдог болсон байсан… 

Өвчний эх үүсвэрийг нь тодорхойлж үр үндсийг нь эмчлэх ёстой.

Яг өнөөдөр өвчнийхөө шалтгааныг таньж мэдээрэй. Хүмүүс ихэвчлэн сэтгэл гутралын талаар ярихаас эмээдэг, сүрддэг. Эсвэл би ажилтай, амьдралтай хүн… Юунд гутрах гэж? гэж бодож магад. Миний бодлоор хүн бүрийн амьдралд алдагдсан холбоо байдаг, гол нь хүмүүс тэрийгээ мэддэггүй. Мэдсэн ч эмчлэх гэж оролдоггүй. Түр зуур мартахыг хичээдэг.

Чиний зовуур бол чиний биед юу болоод байгаа дохио аж. Энэ ном чамд эм биш харин алдагдсан холбоогоо олж, дахин холбогдох аргыг зааж өгнө.

Төгсгөлд нь маш чухал сэдвийг хөндсөн номыг монгол хэлнээ албан ёсны эрхтэй орчуулан гаргасан EnkhEmpire хэвлэлийн газрын хамт олонд баярлалаа.

Орчуулагч Ж.Энхбаяр "Энэ номыг зөвхөн сэтгэл зүйн салбарынхан биш харин энэ нийгэмд амьдарч буй хүн бүр унших хэрэгтэй" хэмээсэн юм шүү.

Номыг эндээс олоорой.