1045
 
 

ХОГОО АНГИЛАН ЯЛГАХЫГ ДАДАЛ ХЭВШИЛ БОЛГОЁ

2018 онд Дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын санаачилгаар УИХ-ын гишүүн Цогзолмаагийн дэмжлэгтэйгээр Барилга хот байгуулалтын яамны санхүүжилтээр 680 сая төгрөгөөр хог ангилан ялгах төв Багануур дүүрэгт баригдаж эхэлсэн. Өнгөрөгч 2019 оны дөрөвдүгээр сард улсын комисс ажиллаж хүлээж авсан юм. Тус үйл ажиллагааг эхлүүлэх гэхээр зардал төсөв шийдэгдээгүй байсан учраас 2019 онд уг төв ашиглагдаагүй. Харин 2020 оны Нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг эхлүүлэхээр 140 сая төгрөгийн төсөв санхүү баталж, зургаан хүнтэйгээр үйл ажиллагаа эхэлжээ.

1045Энэ талаар Багануур тохижилт ОНӨААТҮГазрын Захирал Д.Батнасан "Энэ төв Багануур дүүргийн ард иргэдийн ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, боож бүтээгдэхүүн болгож гаргадаг газруудад нийлүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Бид 2019 онд өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглаж гэрэлтүүлэгт ашиглаж байсан машиндаа чингэлэг хийж ангилсан хог хаягдлыг ачдаг машин болгож өөрчилсөн. Энэ оны Нэгдүгээр сараас хойш дүүргийн авто зогсоолууд дээр ДЗМОУБ-тай хамтарч ангилан ялгах хогийн сав 10 ширхгийг өөрсдөө хийж байршуулсан. Тус савыг байршуулснаар ангилсан хог ачих машин очих үед иргэд тус саванд хогоо тор хайрцагтай нь хийж байгаа учраас асуудлууд хүндэрч байна. Цаашид гэртээ хог хаягдлаа ангилж ялгаж тус тусад нь хийх ёстой. Мөн бид хотын хог хаягдал боловсруулдаг компаниудтай гэрээ байгуулж шил, лааз, хуванцар, гялгар уут зэргийг мөнгөөр нийлүүлэх ажлуудыг эхлүүлж байна. Тийм учраас айл өрхүүд мөнгө болох хаягдлуудаа гэртээ хадгалж, мөнгөөр авч байгаа цэгүүдэд өөрсдөө аваачиж өгч тодорхой хэмжээний орлого олох боломжууд эхэлсэн байна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

Хогоо зөв ангилан ялгах дадлыг хэвшүүлж сурцгаая.