1045
 
 

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ БОЛНО

Нийслэлийн засаг даргын 2018 оны 41-р захирамж,  дүүргийн засаг даргын 344-р тоот  захирамжаар дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2018 оны есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус сургуулийн ач холбогдол нь аливаа аюулт үзэгдэл, осол гамшгийн үед дүүргийн онцгой комисс, мэргэжлийн албад, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн харилцан холбоо ямар түвшинд байх ёстой юм. Онцгой комисс болон удирдлагууд ямар цагийн байдалтай байх, үүссэн цагийн байдал дээр хариу арга хэмжээ авах, мэргэжлийн ажилтан алба хаагч дээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх эдгээр харилцаа холбоог хангах ач холбогдолтой юм. Энэ талаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга П.Батбаяраас тодрууллаа.
Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийн засаг даргын захирамжаар баталгаажсан гамшгаас хамгаалах долоон алба, 24 мэргэжлийн анги байдаг. Эдгээрийн хүч хэрэгсэл болон мөн сайн дурын хэсэг болох Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-ын Багануур салбар, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын удирдлага албан хаагчид энэ сургуульд хамрагдаж оролцоно. Тус сургууль 27-ны өдөр эхэлнэ. Нийслэлийн ОБГазар болон НЗДТГазраас томилогдсон ажлын хэсэг ирж дүүргийн хэмжээнд яаралтай цуврал дохиогоор дохио өгч иж бүрэн сургууль эхэлнэ. Иж бүрэн сургууль дохио өгсний дараа дүүргийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албад, онцгой комиссын гишүүд цуглаж нээлтийн ажиллагаа болно. Нээлтийн ажиллагааны дараа танхимын команд штабын дадлага сургууль хийнэ. Мэргэжлийн албад, онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангийн удирдлага бүрэлдэхүүнд штабын дадлага сургуулилт хийнэ. Энэ нь монгол оронд тохиолдож болзошгүй болон мөн Багануур дүүрэгт тохиолдож болзошгүй газар хөдлөлт болон объектын болон ой хээрийн түймэр, хүн малын гоц халдварт өвчин, хүчтэй шороон шуурга гэсэн цагийн байдлууд дээр дадлага сургуулилт хийнэ.
Иж бүрэн сургуулийн хоёр дахь өдөр буюу 28-ны өдөр урьдчилан бэлтгэсэн дадлага сургуулийг үзүүлнэ. Энэ нь газар хөдлөлт, тарваган тахал өвчний цагийн байдал, Багануурын уурхайд нуралт үүссэн гэсэн гурван цагийн байдал дээр үзүүлэх дадлага сургуулилт хийгдэнэ. Мөн дүүргийн хэмжээнд зарлан мэдээллийн дохиогоор ажиллана. Сургуулийн төгсгөлд удирдах бүрэлдэхүүнээс бие бялдрын болон сэтгэлзүйн сорилтын дадлага авна. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэтгэлзүйн зурвасыг даван туулах, 2,5-3 км газар урьдчилан байрлуулсан цэгүүд дээр үүрэг гүйцэтгэж бие бялдраа шалгуулна. Ингээд хоёр дахь өдрийн орой сургуулийн нэгдсэн дүн гарах юм байна.

1045