1045
 
 

ЗӨВ ДАДАЛ-НОГООН ИРЭЭДҮЙ АЯНГ ЦАХИМААР ЗОХИОНО

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Байгаль орчин, геологи уул уурхайн салбарын хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах, байгаль орчны бохирдол доройтлыг бууруулах, хууль сахин мөрдөлтийг дээшлүүлж, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль хамгаалах сарын аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

1045Энэ жил COVID-19 цар тахал тархсан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Зөв дадал-Ногоон ирээдүй” сарын аяныг 2020 оны Тавдугаар сарын 01-нээс Зургадугаар сарын 01-ний хугацаанд Улсын хэмжээнд цахим байдлаар зохион байгуулахаар болжээ. 

Аяны хүрээнд байгаль орчны чиглэлээр шинээр батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмыг иргэдэд сурталчлан таниулах, байгалиа хамгаалах, усны ундаргыг хайрлан хамгаалах, усыг хэмнэлттэй ашиглах,эко хэрэглээг бий болгож, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах хэвшлийг айл өрхүүдэд бий болгох, иргэдийн хандлагыг өөрчилж зөв дадлыг бий болгох, эерэг нөлөөлөл үзүүлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах аж. 

Мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан байгалийн нөөцийг зохистой ашиглах, уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, химийн хорт болон аюултай бодисын аюулгүй хэрэглээг хангах, байгальд сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулах, үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах, ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулах юм. 

Түүнчлэн цахим орчинд хүүхэд залуучуудад байгалиа хамгаалах, эх оронч сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах журамт үүргээ биелүүлж, байгаль эхээ хайрлаж ирээдүй хойчдоо ногоон ирээдүйг үлдээх талаар соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Иргэн бүр байгаль орчныг хамгаалах, зөв харьцах дадал суулгах зорилготой энэхүү аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.