1045
 
 

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРӨӨР “ДЭМ“ АЯН ӨРНҮҮЛНЭ

Монгол Гэр бүлийн сайн сайхны төлөө үйлчилдэг Гэр бүлийн радиогийн хамт олон, эфирийн дуугаралтаа эхэлсэн цагаас нийгмийн эерэг уур амьсгалыг дэмжсэн иргэдийн дуу хоолой болж, тэдэнд эерэг нөлөөллийг үзүүлэх бүхий л үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Түүний нэг нь жил бүрийн Тавдугаар сарын 15-нд тохиодог Олон Улсын Гэр Бүлийн өдөр юм.

Бид 2003 оноос эхлэн тус өдрийг Гэр бүлүүдтэйгээ хамт тэмдэглэж 14 жилийг ардаа үлдээжээ. Энэ хугацаанд бат бэх гэр бүлийн үнэ цэнийг сурталчилж, тунхагласан нийтлэл нэвтрүүлэг, олон нийтийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулжээ. 1045

Тухайлбал:

  • 2006 онд 1000 эр хүний алхаа зохион байгуулж, эрчүүдийн хариуцлагыг нийгэмд өргөсөн.
  • 2010-2011 онд “Амралтын өдрийг гэр бүлдээ” уриалга дэвшүүлж, сонсогчидтойгоо нэг өдрийн аялал, спортын үйл ажиллагааг зохион байгуулсан.
  • 2012-2013 онд “Амьдралын ханьдаа үнэнч байя” олон нийтийн үйл ажиллагааг зохиосон.
  • 2014 онд бат бэх гэр бүлийн төлөөх зорилтот “Салалт шийдэл биш” төсөл
  • 2015 онд хүүхдийг сонсдог хүчирхийлэлгүй ирээдүйн төлөөх “Бидний үргэлжлэл” зорилтот төсөл
  • 2016 онд эрчүүдийн үнэ цэнэ үнэлэмжийг нийгэмд өсгөх “Монгол Аав” төслийг тус тус амжилттай хэрэгжүүлж өнөөг хүртэл эфирийн дуугаралтаа хүргэсээр байна.
  • 2017 онд гэр бүлийн боловсрол олгох “Хос урлаг” edutainment нэвтрүүлгийн байнгын сонсогчийн зохиосон “Хос урлаг” зүйр цэцэн үгсийн эмхтгэл номоор монгол гэр бүлүүдэд бэлэг барьсан. Нэг сарын хугацаанд нийтдээ 230 гаруй сонсогч, хүний амьдралын алдаа оноо, жаргал зовлонг дэнслэн шигтгэсэн мянга хоёр зуун жаран таван  “ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС” ийг  ирүүлснээр тус ном төрсөн түүхтэй. Тус номын нээлт 2017 оны Тавдугаар сарын 15 ны өдөр 15 цагт Гэр бүлийн радио FM 104.5 ын байранд болж байжээ.
  • 2018 онд Монгол аав төслийн хүрээнд “Аавын эгэл төрх” гэрэл зургийн үзэсгэлэн,  “Ааваа би таны үргэлжлэх мөр” захидлын уралдааныг тус тус зохион байгуулж, Монгол эр хүн, тэр дундаа Аавын зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү, байр суурийг нийгэмд, өрх гэр бүлд нь бий болгохыг зорьсон.
  • Аавын эгэл төрх гэрэл зургийн үзэсгэлэнгийн гол зорилго нь: Гэрэл зураг сонирхогчдын нүдээр монгол эр хүний дүр төрхийг харуулж, тэдний авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээр иргэдийг соён гэгээрүүлж, “аавын явсан мөрөөр үр хүүхэд нь алхдаг” болохыг гэрэл зургаар дамжуулан харуулахад  оршиж байлаа.
  • 2019 онд “Налайхын сайн аавууд-Бат бэх гэр бүлийн төлөө” уриалга бүхий хөдөлгөөнийг нийслэлийн алслагдсан дүүрэг Налайхад өрнүүлсэн. Налайх дүүргийн тухайд 35 мянга орчим хүн суурин амьдардаг. Ирэх 2-3 жилийн дотор зам дагаж хөгжил гэгчээр дүүргийн хүн ам 40 мянга хол давна гэсэн тооцоо бий. Тэгвэл улс хот хөгжихийн хамгийн том үндэс бол эрүүл харилцаатай ГЭР БҮЛ юм. Харин гэр бүлийн үндэс нь, ноён нуруу нь эр хүн. Эр хүн хариуцлагатай, эхнэр хүн хүндлэлтэй байж гэмээнэ гэр бүлд хайр, амар тайван, аз жаргал дүүрэн оршдог. Тиймээс Налайхын эрчүүд, аавууд гэр бүлдээ үнэ цэнэтэй хайраа, хариуцлагаа зориулж, үр хүүхдэдээ сайн аав байх нь юу юунаас илүү чухал байна. Мэдээж өнөөдрийн Налайхын хөгжил, бүтээн байгуулалтыг энд ажиллаж амьдардаг мянга гаруй аав, эрчүүдгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс “Налайхын сайн аавууд-Бат бэх гэр бүлийн төлөө” уриалга бүхий хөдөлгөөнийг Гэр бүлийн радио санаачлан 2019 оны 05 сарын 15 нд өрнүүлж байлаа.

2020 оны хувьд COVID 19 тахлын үеэр олон гэр бүл тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, нэн ядуу айл өрх хоол ундны дутагдалд ихээхэн өртөж буй тул тэдэнд туслахыг зорьсон ДЭМ аянг өрнүүлэхээр болсон. Цар тахлын хэцүү цаг үеийг дэм дэмэндээ даван туулцгаая!

ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН

ГЭР БҮЛ-ИЙН РАДИО FM 104.5