1045
 
 

ДЭМ АЯНД НЭГДСЭНД БАЯРЛАЛАА

2019 оны сүүлээр дэлхий дахинд дэгдсэн COVID-19 цар тахал бидний амьдралыг сайн, муу олон талаар өөрчилж байна. Энэ цагт гэр бүлүүд тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, нэн ядуу, амьжиргааны түвшин доогуур хүмүүс хоол хүнсний дутагдалд ихээхэн өртөж байгааг судалгаа болон бодит амьдралын жишээнүүд харуулах болсон. Халдвар тархахаас сэргийлэн улс орнууд хичээл сургуулийн үйл ажиллагааг зогсоосон тул нэн ядуу айл өрхийн хүүхдүүд ихэнх цагийг гэртээ өнгөрөөхийн хажуугаар өлсгөлөнд нэрвэгдэх, өвчин тусах эрсдэлтэй нөхцөлд байна.

1045Энэ нөхцөл байдал нь хэн нэгэн хэцүү байдалд байвал бид түүнд туслах ёстойг сануулсан дохио болсон. Юун түрүүнд хүн бүр сэтгэл санаа, бие махбодын хувьд эрүүл, дархлаатай байж л энэ аюулт өвчнийг давах туулна. Тиймд Гэр бүлийн радио 104.5-Өглөөний 930 шоу радио сонсогчдыг уриалан “ДЭМ дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай Дархлаатай Эрүүл Монгол сайн үйлсийн аяныг 2020 оны Тавдугаар сарын 4-15 хооронд өрнүүллээ. Аянаар дамжуулан амьдралын хүнд нөхцөлд байгаа, нэн ядуу айл өрхөд радио сонсогчдын хамт дэм дэмэндээ туслахыг зорьсон юм.

930 өглөөний шоуны сонсогчдоос нийт 5.560.000 төгрөгийн хандив цуглаж, KRKA ХХК зүгээс 500 орчим мянган төгрөгийн Пиковит витамин, маск ирсэн. Тийнхүү бид Чингэлтэй, Сонгинхохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын алслагдсан дүүрэгт амьдардаг зорилтот бүлгийн 45 айл өрхийн 62 хүүхдэд тусламжийн гараа сунгалаа.

Нэг айл өрхөд 150,000 төгрөгийн хүнсний болоод өргөн хэрэглээний бараа хүргэсэн. Хүнсээ сонгохдоо айлуудад өргөн хэрэглэгддэг гурил, будаа, тос, мах зэргээс гадна талх нарийн боов, чацарганын шүүс, сүү, амин дэм зэргийг оруулсан.

1045Радиогийн хамт олон жил бүрийн Тавдугаар сарын 15-нд тохиодог Олон улсын гэр бүлийн өдрөөр гэр бүлүүд рүү хандсан аливаа үйл ажиллагаа зохиодог уламжлалтай. Энэ жилийн хувьд Гэр бүлийн өдөр тэмдэглэхээс илүү сайн үйлсийн аян зохиосон нь илүү утга учиртай байлаа.

Аяны төгсгөлийн өдөр болох Тавдугаар сарын 15-ны өдөр Гэр бүлийн радиогийн ажилчид болон 930 шоуны 12 сонсогч хүнсний тусламж тараалтад оролцсон. Хэдийгээр цаг агаар цастай хүйтэн байсан ч бид хамтын хүчээр зорьсон ажлынхаа ард гарч, гэр бүлүүдэд нэн хэрэгцээтэй тусыг хүргэж чадсандаа сэтгэл өөдрөг байлаа. Хандив өргөсөн болон биеэрээ оролцож чадаагүй ч сэтгэл зүрхээрээ нэгдсэн бүх хүнд баярлалаа.

Монголчууд бид цар тахлыг эвийн хүчээр, дэм дэмэндээ таван туулна гэдэгт бид итгэж байна.