1045
 
 

ЭРДЭС БОДИСЫН АЧ ХОЛБОГДОЛ

Эрдэс бодис нь хоол хүнсний органик бус найрлагын хэсэг бөгөөд бие махбодын өсөлт болон бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрдэс бодисыг бие махбодод агуулагдах хэмжээгээр нь макро эрдэс (биеийн жингийн 0.005%), түүнээс бага агууламжтайг нь микро эрдэс гэж ангилна.

Дотроо хоёр хуваагддаг.  Макро эрдэс бодисуудад кальци, фосфор, кали, натри, магни орно. Харин микро эрдэс бодисуудад зэс, төмөр, иод, манган, цайр, молибден, селен хром, фтор ордог байна.

1045

  • НАТРИ БА КАЛИ

Натри, кали нь биед усны агууламж зохицуулж, булчингийн ажил болон олон төрлийн бодисын солилцоонд оролцдог. Кали нь мэдрэлийн болон булчингийн ажилд оролцож, уургийн ба нүүрс усны бодисын солилцоог идэвхжүүлнэ. Суулгалт өвчний үед натри, кали их алдагддаг туо натри, калиар баялаг хоол, шингэн уух хэрэгтэй.

  • КАЛЬЦИ 

Кальци нь яс болон шүдний чухал хэсэг. Кальци нь хүний биед хамгийн их байдаг эрдэс бодис юм. Биеийн жингийн 1.5% нь кальци эзэлдэг бол үүний 90% нь шүд ясанд оршдог. Кальци фосфортой харилцан үйлчилж яс шүдний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн булчингийн хүчдэл, цус бүлэгнэлт, зүрхний хэмийг зохицуулахад оролцох ба олон даавар, ферментийн зохицуулагч болдог. Бидэнд өдөр тутам кальци хэрэгтэй. Учир нь ясны эд эсүүд үргэлж элэгдэн хаягдаж, шинэчлэгдэн нөхөгдөх хэрэгтэй юм. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хүүхдэдээ шинэ ясны эс бий болгох, хөхний сүү боловсруулах зэрэгт кальци чухал үүрэгтэй.

Бие махбодод кальци дутагдвал яс кальциар хомстож яс хэврэгших, шүдний ургалт муудах, цусны бүлэгнэлт муудах, хүчил шүлтийн тэнцвэр алдагдах зэрэг шинж илэрнэ.

  • ФОСФОР 

Мэдрэл, тархины эд, булчин, элэг, бөөр, яс, шүд үүсэх зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Фосфор нь биеийн өсөлт бойжилтыг түргэсгэнэ. Өөх тос, уургийн солилцоог зохицуулж бие организмыг сайжруулна. Зүрхний булчин, төв мэдрэлийн системд чухал нөлөөтэйгөөс гадна уургийн нийлэгжилт, дархлааг зохицуулна. Фосфор дутагдахад яс өвдөх, бие сулрах, амьсгал доголдох, цочимтгой болох, анхаарал муудах зэрэг шинж илэрдэг.

  • МАГНИ

Биед агуулагдах хэмжээгээрээ магни нь кальци, фосфорын дараа ордог. Эсийн доторх орчны гол бүтээгдэхүүн нь болдог. Магни нь завсрын солилцоонд оролцож олон ферментийг идэвхжүүлэхэд нөлөөлнө. Тархины үйл ажиллагаа болон цусан дахь сахарын хэмжээг тохируулахаас гадна цусны даралтыг бууруулна. Зүрх, судасны хэвийн байдлыг хянаж, зүрхний өвчнөөс сэргийлнэ.  

Магни дутагдахад бие чичрэх, цусан дахь сахарын хэмжээ хэт багасна, сэтгэл санаа тогтворгүй болох булчин сульдах, зүрхний хэм алдагдах зэрэг шинж илэрдэг.

  • ТӨМӨР

Төмөр нь цусанд хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй. Цусны улаан эс болон гемоглобин үүсгэгч гол хүчин зүйл бөгөөд В бүлгийн амин дэмийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн төмөр дутагдсанаас цус багадалтаас сэргийлнэ, цус төлжүүлнэ.

Төмөр дутагдахад амархан ядарч, арьс өнгөө алдах, хумс хугарах, хэв нь өөрчлөгдөх, төмөр дутагдлаас үүдэлтэй цус багадах, ходоодны хүчил багадаж, хоолонд дургүй болох зэрэг шинж илэрдэг.

  • ИОД

Иод нь бамбай булчирхайн дааврыг үүсгэх, идэвхжүүлэхэд гол үүрэгтэй. Хүний биед 15-25 мг иод агуулагддаг бол 2/3 нь бамбай булчирхайд оршдог. Иод нь эд эсийг хүчилтөрөгчөөр хангах ба илүүдэл өөх тосыг зохицуулж, жинг бууруулна. Үс, хумс, арьсны нөхөн төлжилт, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн өсөлт, нөхөн үржихүй, мэдрэл, булчингийн үйл ажиллагаанд оролцдог.

Иод дутагдахад сэтгэл санаа тогтворгүй болох, таргалах, бие сульдах, оюуны чадвар буурах, бамбай булчирхай томрох, бамбай булчирхайн үйл ажиллагаа сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

  • ФТОР 

Фтор яс шүдний бэхжилтийг сайжруулдаг. Фтор нь амны хөндийн бактерийг дарангуйлж, чихэрлэг зүйлийн үлдэгдлийг саармагжуулж, шүдийг хорхойтох өвчнөөс сэргийлдэг. Ясны бэхжилтийг сайжруулж, яс сийрэгжихээс хамгаална.

Фтор дутагдахад шүд цоорох, яс сийрэгжих, ясны хэвийн өсөлт саарах, ясны бат бэх чанар алдагдах шинж илэрдэг.

  • ЦАЙР

Цайр нь олонх ферментийн бүрэлдэхүүнд оролцож түүний идэвхэд нөлөөлнө. Эсийн задрах, үржих, нөхөн төлжихөд оролцоно. Харааг сайжруулах үүрэгтэй ба нүдний торлогт цайр зохих хэмжээтэй байдаг. Хүүхэд, насанд хүрэгчдийн дархлааны тогтолцоонд нөлөөлж биеийн халдвар эсэргүүцэх, шарх эдгээх чадварыг сайжруулна.Цайр дутагдахад судас хатуурах, цус багадалт зэрэг шинж илэрдэг.

  • СЕЛЕН 

Селен нь хөгшрөлийг сааруулж, биеийн дархлааг сэргээж, хавдрын эсрэг тэмцэгч чухал микро эрдэс бодис юм. Мөн цэвэршилтийн үед сэтгэл санааг тогтвортой байлгахад тустай. Е амин дэмтэй харилцан үйлчилснээр бие организмын исэлдэлтэйн эсрэг үйл явцыг сайжруулж хөгшрөлийг сааруулна.

Селен дутагдахад хөгшрөл эрт явагдах, зүрхний булчингийн үйл ажиллагаа саарах, дархлаа суларч, шархны эдгэрэлт удаашрах шинж илэрдэг.

Эх сурвалж: НЭМҮТ