1045
 
 

УЛААНБААТАР НОМЫН БАЯР-2020 БОЛНО

Номын ертөнцийн эрхэм зохиолч, ном бүтээгч, номын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад 27 дахь Улаанбаатар номын баярын мэнд хүргэе!
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Номын баяр анх удаа цахимаар болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохиогдох гэж байна. Тиймээс зохиолч, уран бүтээлч болон уншигчид та бүхнийг одоогийн нөхцөл байдалд тохирсон, технологийн дэвшилд тулгуурласан, өргөн цар хүрээтэй зохиогдох Номын баярт нэгдэхийг уриалж байна.

1045
Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, хямдралтай худалдан борлуулах үйл ажиллагаа 2020 оны Зургаадугаар сарын 5, 6, 7-ны өдөр Мишээл экспо ОУҮХТ-д болно. 
Зохиолч, уншигчид та бүхэн маскаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж оролцоно уу.

Гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон Номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авах боломжтой.

Энэ жилийн номын баярыг уншигчидтай илүү ойртохын тулд “М+” апп-тай хамтран зохион байгуулж байгаа аж. Тиймээс та тус апп-г гар утсандаа суулган Номын баяртай холбоотой бүхий л мэдээллийг хүлээн аваарай.

Нийслэл хотынхоо төв талбайд хуран цуглаж номын баярынхаа уур амьсгалд умбан баясах гэрэлт өдрүүд мөд ирэх биз ээ. Зохиолч бүтээлчдээ урам зориг, эрч хүчээр цэнэглэдэг эрхэм уншигч Та бүхэн бидэнтэй хамт Номын баяраар тавтай аялаарай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье!