1045
 
 

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВТЭЙ БОЛЛОО

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь /УНТЭ/ нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Зургадугаар сарын 22-ны өдөр нээжээ. Эрүүл Мэндийг Дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээ, үйлчилгээг үзүүлэх иж бүрэн төв юм.

1045
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "УНТЭ эрүүл мэндийн салбарын язгуур бодлого болсон хүн амыг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, түүнээс гадна олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн бүтцийн хүрээнд үйл ажиллагаа явуулах тусгай төв нээж байгаад маш талархалтай байна. 2018 оны Нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг явуулах шийдвэрийг  ЭМДҮЗөвлөлөөс гаргасан. Үүнийг ажил хэрэг болгох  нөхцөл бололцоог өнөөдөр УНТЭ иж бүрнээр нь бүрдүүлж байна. Энд тавигдсан тоног төхөөрөмжүүд бүгд шинэ, сүүлийн үеийн  үзүүлэлттэй байна" гэсэн юм.

Энэ төвд амбулаторийн тусгай үйлчилгээ рүү чиглэсэн 20 орчим төрлийн оношилгоо, шинжилгээг хийх ажээ. Мөн зөвхөн УНТЭ дээр хийгддэг 10 гаруй төрлийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд хийж үйлчилнэ. Уг дэмжих төвийг дэмжиж ЭМЯ-аас рентген аппарат, эхо аппарат, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэлийн цахилгаан бичлэг, монитор зэрэг багаж төхөөрөмжийг өгсөн. Нэмэлтээр нарийн мэргэжлийн аппарат, тоног төхөөрөмжүүдийг манай эмнэлгээс бүрэн хангаж байна.

1045Эрүүл мэндийг дэмжих төвөөр дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өнгөцхөн хийгээд орхидог гэсэн уламжлалт өрөөсгөл ойлголтыг халах, шинэ чанар, стандартад хүргэх, бодит үр дүн рүү чиглэсэн, тав тух, үйлчилгээг бүрэн хангасан байхаар төлөвлөн зохион байгуулалт хийжээ.

УНТЭ-ийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн дарга, анагаах ухааны доктор Э.Баясгалан "Манай төв 17 кабинетаар үзлэг хийж, есөн төрлийн лабораторийн шинжилгээ, дүрс оношилгоо хийнэ. Өдөрт 120-130  хүнд бүрэн үйлчлэх хүчин чадалтай. Дэмжих төвд үндсэн дөрвөн их эмч, бусад техник, сувилахуйн баг ажиллаж байна" гэв. Тус төвд дөрвөн төрлийн тусгай багц үйлчилгээ байх аж. Үйлчлүүлэгч өөрт хэрэгтэй аль ч багцыг сонгон, ажлын болон амралтын өдрүүдэд ажлын цагаар үйлчлүүлэх боломжтой.