1045
 
 

ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЧ БУЙ АЙЛ

Гэр бүлийн радиогийн салбар болох Налайх Гэр бүлийн радио 104.0-г тус дүүргийн Долдугаар хорооны оршин суугч Д.Мөнхнаст, гэргий Ц.Тунгалаг нар хашаандаа радио төхөөрөмжөөр хүлээн авч сонсож байна. Энэхүү радио төхөөрөмжийг Д.Мөнхнаст “Аавуудаа наашаа суу” нэвтрүүлэгт зочноор оролцоод бэлэг болгон авчээ.

Радио төхөөрөмжийг цахилгаан эрчим хүч буюу тогоор эсвэл нарны эрчим хүчээр цэнэглэж сонсдог юм. Энэхүү айл өдрийн наранд радиогоо цэнэглэж, гэр бүл, хүүхдийн сэдэвт нэвтрүүлэг, хөтөлбөр сонсдог байна.

1045

Тэд 2016 онд гэр бүлээрээ Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт нүүж ирснийхээ дараа мод тарьж эхэлсэн бөгөөд одоогоор хашаандаа интоор, үхрийн нүд, монос, чацаргана, нохойн хошуу, тэхээн шээг зэрэг 13 зүйлийн 60 орчим мод ургуулжээ. Дээр нь энэ айл өрхийн хэрэгцээний хүнсний ногоогоо хашаандаа тарьж ургуулдаг. Нөхөр нь биологийн багш бол эхнэр нь ургамал судлаач мэргэжилтэй тэдэнд үүнийг тарьж ургуулахад мэргэжлийн мэдлэг чадвар нь ихээхэн тус болсон байна.

1045

Д.Мөнхнаст модыг салхины дээр, машин зам талдаа тарьсан нь мод ургаж том болох үед орчны дуу чимээ хааж, салхи нөмөрлөж, тоос бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Харин мод, ногоон байгууламжаа услахдаа амбаар, жорлон, гараашийн дээврээсээ борооны ус хуримтлуулж усалдаг гэнэ.

Ийнхүү тэд эрүүл агаарт, дуу чимээнээс хол хашаандаа сайхан амьдрахын хажуугаар радио төхөөрөмжөө Гэр бүлийн радио нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг хүлээн авч сонсдог юм байна. Радио сонсох нь тэдний цагийг ихээхэн хэмнэдэг байна.