1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

1045

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараалан зохион байгуулдаг. Энэ удаа “Мөнгө угаах, хүн худалдаалах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Иргэдэд санамж сэрэмжлүүлэг хүргэх тэр дундаа цахимаар мэдээ мэдээллийг энэ үеэр өгнө.  
“Хүн худалдаалах” гэмт хэрэг нь биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эс, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хэлнэ.
Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч зочид буудлуудад хяналт шалгалт хийх төлөвлөгөөтэй байна. Энэ ажлыг хорин гурван сум, нэг тосгоныг хамруулан зохион байгуулах юм.  
Харин “Мөнгө угаах” гэмт хэрэг нь аливаа хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ.
Мөн цаг үеийн байдалтай холбоотой иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд хамтран ажиллах, мөн хүүхдэдээ аль болох замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх,  гарцтай газраар хүүхдийг гаргах, хуульд зааснаар бага насны хүүхдийг эцэг эх өөрийн гараас хөтөлж сургуульд хүргэж өгөх сургуулиас нь авах, шаардлагатай тохиолдолд хүүхдэд тод өнгийн хувцас өмсгөх, гэрэл цацруулагч материалыг цүнхэнд нь хийж аюулгүй байдлыг ханган тэмдэг, тэмдэглэгээ хийж өгөх ёстойг санууллаа. Иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалж байна.