1045
 
 

КОВИД-19 БА АЖИЛГҮЙДЭЛ

Хөдөлмөрлөх эрх бол хүний үндсэн эрх. Гэтэл Ковид-19 цар тахлын үед дэлхий дахинаа сая сая хүн ажилгүй болж, эдийн засгийн хямрал үүссэн. Тиймээс ажлаа алдаж хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн иргэд, хаана хандаж, хэрхэн шийдэгдэж болох тухай  ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Дүгэрсүрэнтэй холбогдож бодит мэдээллийг авлаа.

“Хүний Эрхийн Үндэсний Комисст жил бүр эрх нь зөрчигдсөн  600-700 орчим гомдол өргөдөл ирдэг. Үүнээс 40-50 хувьд нь Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гомдол хүлээн авч шийдвэрлэдэг. 2020 онд Ковид-19 халдвараас шалтгаалж ажилгүй боллоо гэсэн гомдол харьцангуй бага ирсэн. Иргэд эрх зүйн мэдлэг дутмаг, өөрийнх нь эрх зөрчигдөж байна уу, үгүй юу? гэдгээ мэдэхгүйгээс шалтгаалж  хаана хандаж, хэрхэн шийдвэрлүүлэхээ мэддэггүй учраас Хүний эрхийн зөрчлүүд шийдвэрлэгдэхгүй байна. Манайд хандаж зөвлөгөө тусламж авах бол  70 000 222 утсаар холбогдох, www.nhrcm.gov.mn цахим хуудсанд байх Гомдол, мэдээлэл гаргах хэсэгт цахим гомдол бичих болон Засгийн газрын 11-р байр 5-р давхарт байрлах манай Комисст ирж хууль зүйн зөвлөгөө, тусламж авч, өргөдлөө өгч болно” гэдгийг хуваалцлаа.

1045

Ажиллах насны иргэн бүр Ажилтай, орлоготой байх нь хүн, хүнээс цааш гэр бүлийн амьдрал ахуй, сайн сайхан амьдрах эх сурвалж болохын зэрэгцээ улсын эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг юм.

Тэгвэл ийм ирээдүй “бүрхэг” үед санхүүгийн хувьд хэрхэн баталгаатай байх талаар Гэр бүлийн радиогийн Сургалтын менежер О.Жаргалсайхан зөвлөхдөө “Өрхийн санхүүгийн төлөвлөлтөд санхүүгийн хамгаалалт, санхүүгийн эрх чөлөө гэсэн хоёр ойлголт бий. Тэдгээрийг 3-5 жилийн төлөвлөгөөнд суурилж гаргах нь зүйтэй. Жишээ нь та гэнэт нэг өдөр ажилгүй боллоо гэхэд 3-6 сарын хугацаанд өөрсдийгөө тэжээх хэмжээний мөнгөтэй байх хэрэгтэй. Харин дараагийнх нь санхүүгийн эрх чөлөө. Хэрэглээгээ нэмэхгүйгээр хуримтлал үүсгэхийн хажуугаар үлдсэн мөнгөө зөв зүйлд хөрөнгө оруулж байж санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ” хэмээсэн юм.

Өөр нэг зүйл нь цар тахлын үед зарим ажил мэргэжлийн хэрэгцээ өссөн. Эсрэгээрээ зарим ажлын байр үгүй боллоо. Олон улсын хэмжээнд эрэлттэй болж байгаа ажил мэргэжилд маркетингийн менежер, мэдээлэл технологийн мэргэжилтэн, өндөр зэрэглэлийн тогооч, барилгын инженер, авто барилгын инженер, гоо сайхны мэс засалч болон уул уурхайн инженер, архитектор, геологич, төслийн менежер зэрэг ажээ.

Харин Монголд хамгийн их бэлтгэгдсэн бөгөөд ажлын байр, зах зээл багатай мэргэжилд хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, санхүү, түүхч, философич, улс төр судлаач, цаашлаад сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага гэх ажил мэргэжлүүд орж байгаа аж.

Дэлхий дээр 7000 мэргэжил байдгаас Монголчууд 50 мэргэжлийг голчлон сонгодог байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 40 мянга гаруй сурагч төгсжээ. ЕБС дүүргэж байгаа сурагчдын 90 хувь нь МУИС, ЭМШИУС, ШУТИС, ХУИС зэрэг улсын томоохон их сургуульд орох хүсэлтэй байдаг гэнэ. Тиймээс ирээдүйд ямар ч хямрал тохиолдсон ажлын байртай байхын тулд улс орны нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сурах хэрэгтэйг анхаарууштай.

Ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн тухай                   
Хэрвээ ажилтан ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.

Тэтгэмжийн хэмжээ
Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн  шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн гурван сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно:
Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр, тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/
•         5 хүртэл жил- 45
•         5-10 хүртэл жил- 50
•         10-15 хүртэл жил- 60
•         15, түүнээс дээш- 70

Ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.
Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол гурван хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард хоёр хүртэлх удаа тооцож олгоно. Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.

Aжилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг

Даатгуулагч мэргэжлийн сургалтад хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1/ өргөдөл;
2/ нийгмийн даатгалын дэвтэр;
3/ ажлаас халсан тухай шийдвэр

Ажилгүйдлийн даатгалын хөнгөлөлт
Ажил олгогч болон даатгуулагч таван жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 1О хувиар хөнгөлнө Заасан болзлыг үргэлжлүүлэн хангасан тохиолдол бүрт хөнгөлөлт 10 хувиар нэмэгдэх боловч түүний дээд хэмжээ нь жилд төлөх шимтгэлийн 5О хувиас хэтэрч болохгүй.