1045
 
 

БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын сургалтын байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна. 2020-2021 оны хичээлийн шинэ жил нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхэлж байгаагаараа онцлогтой юм.
Иймд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллагаас гаргасан тогтоол, захирамж, тушаал, заавар, журмын хэрэгжилтийг хангуулахаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гурван ажлын хэсэг томилсон байна. Тэд бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах үйл ажиллагааны бэлэн байдал хангагдсан эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 24-ний өдрөөс эхлүүлээд байна.
    Одоогийн байдлаар есөн сумын 10 ерөнхий боловсролын сургууль, найман дотуур байр, есөн цэцэрлэг, тэдгээрийн ойр орчмын 21 хүнсний худалдааны цэг гээд нийт 48 байгууллагад боловсрол, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандарт, эрүүл ахуй, эрчим хүчний хяналтын чиглэлээр шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 100 хувь урьдчилан сэргийлэх шалгалтад хамруулна. Хяналт шалгалтын ажил одоо ч үргэлжилж байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
1045