1045
 
 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗАГВАР ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

1045

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв" байгуулж 2019 оны 10 дугаар сард нээлтээ хийсэн. Тус төв нь хөдөлмөрийн зах зээлд шинээр гарч ирж буй,  сургууль төгсөөд удаагүй ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх зорилготой ажилладаг.
Үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн газрын мэргэжилтэн М.Батчимэг хэлэхдээ:
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв жилийн хугацаанд олон ажлыг амжуулсан. Энэ жилийн тухайд Ковид 19 цар тахлаас шалтгаалан онцлогтой үйл ажиллагаа болж байна. Олон нийтээрээ цуглах, сургалт зохион байгуулах нь хориотой байсан учир хэд хэдэн сургалтыг цахимаар явуулсан. Нийт манай загвар төвөөр дамжуулан 3000 гаруй залуучууд тодорхой хэмжээний мэдээлэл зөвлөгөөг цахимаар авлаа. Үүнд. залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн гарааны бизнес анхан шатны мэдлэг олгох “Старт ап” онолын сургалтад 200 гаруй залуучууд хамрагдсан байна. Мөн мэргэжил сонголтын сургалтыг бид онлайнаар дөрвөн удаагийн холболтоор 1800 гаруй өсвөр насны хүүхдүүд холбогдож мэдээлэл зөвлөгөөнд хамрагдсан байна. Залуучуудад зориулсан ганцаарчилсан зөвлөгөөний өрөөг загвар төвийн дэргэд байгуулсан. Ганцаарчилсан зөвлөгөөнд тогтмол үйлчилгээ авч буй 20 орчим хүмүүс бий. Эдгээр хүмүүсийн хувьд мэргэжил сонголт, ажлын байрны сонголтоо хийх явцтай байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төв үйл ажиллагаагаа явуулснаар Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний чанар  сайжирсан. Анх загвар төвийг байгуулсны дараа хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө борлуулах дөрвөн модуль сургалтад хамрагдсан арав орчим залуусын хувьд амжилттай ажлын байртай болсон байдаг. Яг одоо бид энэ загвар төвийг тохижуулах номын сантай болох ажлыг өрнүүлж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр дутагдаж буй ур чадварыг хөгжүүлэх дэмжлэг болохуйц агуулгатай номыг цуглуулах зорилготой юм. Эхний ээлжид гадаад хэлний ном сурах бичиг, англи хэл дээр унших материалыг чухалчлан хүлээж авч байна. Цаашлаад энэ нь ILTS, TOFFLE-д бэлтгэх сургалтыг хийх ажлын бэлтгэл юм. Та ч мөн өөрт байдаг номыг хандив болгон өгөх боломжтой.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нь цахиур хагалах бизнесийг эрхлэхэд мэдлэг олоход туслах номын сантай болсон. Мөн мэргэжил сонголтын чиглэлээр монгол хэл дээр гаргасан бүх төрлийн номыг цуглуулсан байна. Тиймээс өсвөр үеийнхэн болон залуус уншиж судлах, суралцахыг хүсвэл загвар төвийн үүд хаалга нээлттэй байна.