1045
 
 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

1045

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар мэргэжлийн хяналтын удирдамжийн дагуу онцгой комиссын 02 албан даалгавар, БСШУ-ны сайдын баталсан А17-р тушаалын хэрэгжилтэд хяналт тавин ажилласан юм. Хөвсгөл аймгийн 17 Ерөнхий Боловсролын Сургууль, 21 Цэцэрлэг уг шалгалтад хамрагдсан байна.
Шалгалтын үеэр урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагаар цэцэрлэгүүдэд хийлгэсэн. Ерөнхий Боловсролын 11 сургууль шинээр баригдсанаас Шинэ идэр, Бүрэнтогтох сумын сургууль бүрэн ашиглалтад оржээ. Улаан уул, Түнэл, Цагаан үүр суманд дотуур байрны  барилгын ажил дуусч байна. Мөн үдийн цай хөтөлбөр хэрэгжиж буйтай холбогдуулан хоол хүнсний аюулгүй байдлын  хяналт шалгалтыг бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудад хийлээ. Сургууль, цэцэрлэгийн орох гарах гарцуудыг тодорхойлсон. Хүүхдүүдийн халууныг хэмжиж сургууль цэцэрлэгт нь оруулж байна.
Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 35 сургуульд нийт 26900 хүүхэд суралцаж, нэгдүгээр ангид 3475 хүүхэд элссэн бол долоон настай 182 хүүхэд байгаа нь ихэнх нь малчин өрхийн хүүхэд юм. Аймгийн хэмжээнд нийт 1456 багш ерөнхий боловсролын сургуулиудад багшилж байна.
Харин цэцэрлэгийн 2-5 насны 10141 хүүхэд байна. Үүнээс энэ хичээлийн жилд дөчин зургаан хүүхдийн цэцэрлэгт 3-5 насны 8613 хүүхэд хамрагджээ.  Анги дүүргэлт 35-53 хүүхэдтэй байдаг бол түр журмын дагуу бүх цэцэрлэгүүд анги дүүргэлтийг 25-аас хэтрүүлээгүй.
Хөвсгөл аймагт улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар Их уул, Чандмань өндөр, Бүрэн тогтох суманд хүүхдийн цэцэрлэг шинээр баригдаж, Мөрөн хотод 150 хүүхдийн 14-р цэцэрлэг зургаан бүлэгтэй шинээр ашиглалтад орлоо.
Мэдээллийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын, Эрүүл мэнд боловсрол хүнсний хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч А.Үүрийнцолмонгоос тодрууллаа.