1045
 
 

МОНГОЛ ТОГЛООМЫН АЧ ТУС

“Хүүхдийг тоглоомоор нь таньдаг” гэдэг. Улс үндэстэн бүрт өөрийн гэсэн тоглоом наадгай түүнийг дагасан ёс заншил бий. Нүүдэлчин айлын хүүхдүүд чулуугаар наадаж ирсэн уламжлалтай. Гадаа хээр байж нарны энергийг олон жил өөртөө хуримтлуулсан чулууг гартаа барьж тоглох нь монгол хүүхдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байжээ. Монгол тоглоомынхоо талаар судалгаа хийж, үйлдвэрлэн түгээн дэлгэрүүлэх зорилго өвөрлөж яваа “Өв соёл, Монгол тоглоом наадгай” төвийг үүсгэн санаачлагч Чулуунбаатараас энэ талаар тодрууллаа.
“Одоогийн байдлаар энд байгаа тоглоомуудаас танилцуулбал “буга нохой”тоглоом найман төрлөөрөө байна. Панжиг, олон санаа, урианхай шагай харваа, өөлдийн шагайн харваа, арилжаа, Казак ард түмний уламжлалт тоглоом болох есөн хоргол, дөрвөн бух зэрэг тоглоомуудыг дэлгэн үзүүлж байна. Өөр бусад олон тоглоом байна. Би хүүхдүүдийг шагайн тоглоом хөлөгт тоглоомоор тоглож сураасай гэж хүсэж явдаг. Тоглоом бол зөвхөн хүүхдүүд л тоглоод байдаг юм биш гэр бүлээрээ тоглох нь маш их ач холбогдолтой. Нэгдүгээрт аав ээж эмээ өвөөтэйгөө хамт тоглосноор тэр гэр бүлийн уур амьсгал сайхан болдог. Хоёрт хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй. Гуравт  эрүүл мэндийн тал дээр тоглоомд оролцогч бүрт сайн үр дүнг авчирна.”
Шагайн тоглоомын ач тусаас дурдвал хүний гарын алганд хоёр зуун гучаад мэдрэлийн цэг байдаг тэр бүгдийг шагайгаар тоглож  сэргээж эрүүлжүүлдэг ач холбогдолтой. Гучин минут шагайгаар тоглох нь европ эмнэлэгт цаг дөчин минут бариа засал хийсэнтэй тэнцэхүйц алжаал тайлдаг байна. Уламжлалт тоглоомоо айл бүр тоглож гэр бүлдээ эрүүл мэнд, баяр хөөр нэмэхийг хүсэж явдгаа Чулуунбаатар онцолж байлаа.