1045
 
 

“СОЛОНГОН БҮРХҮҮЛ” ХӨВСГӨЛ АЙМАГТ

“Гэр хороололд өнгө нэмье” уриатай хэрэгждэг “Солонгон бүрхүүл”  арт аян энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2020 оны 9 дүгээр сарын 19-өөс 23-ны өдрүүдэд хийгдэж хоймор нутагт өнгө нэмлээ. Уг арт аян нь Монголын хамгийн шидэг уран бүтээлчдийг урьж оролцуулдгаараа онцлогтой. Энэ удаа стрийт артист, дизайнер, архитектор гэсэн нийт 25 уран бүтээлч ажиллалаа. “Солонгон бүрхүүл” арт аян энэ жил НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ажиллаж өсвөр насны хүүхдүүд рүү хандан зургийн агуулгаа боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аяныг хэрэгжих явцад чиглүүлэг өгч, дэмжсэн байна.
Зураг нь Хөвсгөл аймгийн Ирээдүй цогцолбор сургуулийн хана, Мөрөн Гурван эрдэнэ сургуулийн хана, гэр хорооллын худаг, төв гудамжны өндөр хүчдэлийн байшин, төв гудамж дагуух хашааны хана гэх мэт газруудад нийт таван төрлийн зохиомж агуулгаар зурагдлаа. Үүнд:
1. “Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөр" сэдвийн доор хүүхэд бүр өөр өөрийн ертөнцтэй, харилцан адилгүй үзэл бодолтой, өөр өөр хүмүүжилтэй байдаг. Тиймээс хэн нэгэнд өөрийн үзэл бодлыг тулгалгүй бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандъя гэсэн санааг агуулж "Бид өөр өөрийн өнгөтэй" зургийг бие биетэйгээ харилцан адилгүй дүрүүдээр төлөөлүүлэн илэрхийлсэн.
2. “Гэр бүл” сэдвийн хүрээнд гэр бүл салалтын эсрэг агуулгыг гаргасан.
3. "Намайг сонсооч" сэдвийн хүрээнд хүүхдүүддээ илүү их цагийг зарцуулж тэднийг сонсдог байя гэсэн агуулгыг илэрхийлсэн.
4. “Сэтгэлээ нээ” сэдвийн хүрээнд Хөвсгөл нутгийн төлөөлөл дүрээр дамжуулж гэр бүл дотроо урмын сайхан үг хэлэхийг уриалсан.
5. “Чи бол давтагдашгүй” сэдвийн хүрээнд нугасны муухай дэгдээхий үлгэрийн бага байхдаа гадуурхагддаг байсан ч том болоод хун болдог дүрээр төлөөлүүлэн чи бол давтагдашгүй цор ганц, өөртөө итгэ гэсэн санааг илэрхийлжээ.
Уран бүтээлчдийн зүгээс Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашаан дээр зураг зурлаа. Тодруулбал орон нутгийн онцлог бүхий цаа, урц зэргийн зурагтай зургаан төрлийн хээг гарган айл өрхүүдийн хашаан дээр урласан ба хээний эх загварыг орон нутагт үлдээсэн юм. Тиймээс та ч бас загварыг авч өөрийн хашааг жигдрүүлэн зурж амьдарч буй орчиндоо өнгө нэмэх боломжтой.

1045