1045
 
 

УСЫГ АЛТТАЙ ЗҮЙРЛЭХИЙН УЧИР

Алт нь хүн төрөлхтний хамгийн их үнэлдэг гол металлын нэг билээ. Тиймдээ ч алт үнэтэй байдаг. Гэтэл ус алтнаас үнэгүй юм гэж үү? Та бодоод үзээрэй.

1045
2050 он гэхэд монгол орны цэвэр усны нөөх дуусна гэх сэтгэл өвтгөм судалгаа гарчээ. 50 жилийн дараа ус нь нефть, байгалийн хийгээс ч үнэтэй болох таамаглал байна. Хүмүүс усыг хэзээ ч дуусдаггүй, үнэгүй зүйл гэж боддог. Яг одоо л бид “сэрж” бидний амь амьдралын тэтгэгч болох усаа хайрлан хамгаалах хэрэгтэй байна.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” арга хэмжээ зохион байгуулсан. Тус аянаар ард иргэд тэр дундаа залуу үед чиглэсэн нөлөөллийн ажлыг түлхүү өрнүүлжээ. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн цахим сүлжээнд 100 орчим постер, 40 гаруй шторк, 400 гаран мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэснийг давхардсан тоогоор 7,2 сая хүн үзжээ.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны УСХАХ-ын мэргэжилтэн Б.Анура хэлэхдээ “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн боловсрол хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ” гэж заасан байдаг. Тиймд бид дээрх зорилгыг хэрэгжүүлэхээр энэ нөлөөллийн аянг зохион байгуулсан. Аянаар дамжуулан  ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр, түүний шалтгааныг олон нийтэд мэдүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, байгальтай харилцах зөв дадлыг суулгахаар ажилласан” хэмээв.

1045
Усны газрын дарга Ш.Мягмар “Манай улсын хувьд саарал ус буюу цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг дахин ашиглах байдал маш хангалтгүй байгаа. Голчлон зарим уул уурхай, үйлдвэр технологийн компаниуд хаягдал усаа цэвэршүүлэн ашигладаг. Гэхдээ 2021-2026 онд Мянганы Сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээ хийгдэж, хоногт 50 мянган метр куб саарал усыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станцад нийлүүлнэ. Ингэснээр саарал усны дахин ашиглалт нэмэгдэнэ” хэмээсэн бол  Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Энэхүү аян хаалтаа хийж байгаа ч би үүнийг эхлэл гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд хэсэг нөхдийн хамт 10 гаруй аймгаар явж “Байгаль эн тэргүүнд” аяныг зохион байгуулсан. Миний нэг анзаарсан зүйл нь мянга сайхан хууль байгаад ч иргэдийн ухамсар байхгүй бол ямар ч нэмэргүй санагдсан. Тиймээс иргэн бүр оролцоотой байх нь чухал. Бид өдөр тутмын амьдралдаа усыг хайрлах зуршлыг бий болгох хэрэгтэй. Усаа хайрлах ёстойг хүн бүр мэднэ. Гэхдээ хайрлах нь ердөө таны ариун цэврийн өрөөнөөс чинь эхэлнэ” гэлээ.

Манай Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг боловч урсгал усыг хуримтлуулах, нөөцлөн ашигладаггүйгээс усны нөөц багатай орны тоонд багтдаг. 2019 онд 264 гол, мөрөн 704 булаг, шанд, 286 нуур, тойром, 12 рашаан ширгэсэн байна.

Яагаад усыг алттай зүйрлэсэн юм бэ? Учир нь ус бол энэ дэлхийн юунаас ч илүү, бүр алтнаас ч илүү хамгийн үнэтэй эрдэнэ болохоор л тэр...

Бид усыг бүтээдэггүй. Хэмнэж, хамгаалж, хайрлахаас өөр аргагүй.