1045
 
 

ХАРИУЦЛАГАТАЙ ХУДАЛДАН АВАЛТ

“Дээр үед” хүмүүс худалдан авалт хийхдээ тухайн цаг үеийнхээ трендийг дагах хандлагатай байсан бол өнөө цагт байгальд ээлтэй, хариуцлагатай худалдан авалт хийхийг эрхэмлэдэг болжээ. Нэг ёсондоо авч буй эд зүйл, хувцас, хоол унд зөвхөн бидэнд хэрэгтэй байгаад зогсохгүй нийгэм, байгальд ямар нөлөөлөл үзүүлж байгаа талаар боддог болжээ. 

Нэгэн судалгаагаар худалдан авагч нарын бараг 80 хувь нь сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийдэг байна. Хүн сэтгэл хөөрлөөр авсан зүйлээ дараа хэрэглэх нь бага байдаг нь нотлогджээ. 
Тэгвэл  яагаад хүмүүс худалдан авалт хийдэг юм бол? Шинэ зүйл худалдан авах нь хүнд сэтгэл зүйн таашаал өгдөг бас нь байгалийн хэрэгцээ байх. Нөгөө талаар үүнийг хүний сэтгэл зүйн толь гэж хэлж болно.

1045Хүүхэд насны “цоорхой”-гоо нөхөх...
Сэтгэл зүйтэй холбож яривал үргэлж дэлгүүр хэсдэг хүмүүс нь цаагуураа амьдралдаа нэг их сэтгэл хангалуун биш, ажилдаа ч дуртай биш нэгэн байх магадлал өндөр аж. Эсвэл зарим нь багадаа ямар нэг зүйлээр дутуу өссөн буюу “дутуугийн комплексод” орсон байдаг тул тэр дутуугийн мэдрэмжээ эд зүйлээр нөхөх гэж хичээдэг гэсэн үг. Харин өөр хэсэг нь зүгээр л төрөлхийн эд зүйл цуглуулах дуртай хүмүүс байж болох юм. 

Тэгвэл...Ногоон, эко, био, органик... худалдан авалт хийхийн тулд 5R-ийн дүрэм буюу "Татгалз - Дахин бод – Дахин ашигла - Багасга- Эргэлтэд оруул" –ыг баримтлаад үзээрэй.

  1. Refuse/Татгалзах – Орлуулж болох зүйлийг татгалз.
  2. Rethink/Дахиад бод – Тухайн зүйлийг авахаасаа өмнө бодох...
  3. Reduce /Багасгах– Аль болох өөрөө хийж бүтээх. Жишээ нь талх байнга авдаг бол гэртээ барьж хийж идэх, зорилгогүй дэлгүүр хэсэхгүй байх г.м
  4. Reuse/Дахин ашиглах – Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах, хэрэглээгээ урт настай байлгахийг хичээх. 
  5. Recycle/Дахин боловсруулах – Нэг зүйлээ хоёр юм уу гурван удаа эргэлтэд оруулан ашиглах. Жишээ нь кофены шаараар биеийн гуужуулагч хийх.

Төгсгөлд нь хэлэхэд таны худалдаж авсан зүйл урт хугацааны тээвэрлэлт ороогүй, байгальд бага хортой, гарал үүсэл нь тодорхой, аль болох дотоодын бүтээгдэхүүн байвал сайн. Түүнчлэн ямар нэгэн худалдан авалт хийхдээ өөрт хэрэгтэйгээс гадна байгальд ээлтэй юу гэж асууж байгаарай.