1045
 
 

БАРИВЧЛАХ ТӨВД ИРЭГСЭД ЗАН ҮЙЛ ӨӨРЧЛӨХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

Өнгөрсөн оны зургадугаар сарын 01 нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн хүрээнд саатуулагдсан 250 орчим иргэн Баянзүрх дүүрэгт орших Баривчлах төвд байна. Тэдний ихэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн гэр бүлийн асуудал зөрчлөөс үүдэлтэйгээр энд иржээ. Тиймээс энэ хуулийг шүүмжлэгсэд “эрчүүдийг хоморголон баривчлах, сөхрүүлэх зорилготой” ч гэж эгдүүцэн хэлдэг. Үнэндээ яль шалихгүй зүйлээс хоорондоо зөрчилдөж, улмаар нэгийгээ цагдаад өгчихдөг ч маргааш нь өргөдлөө буцаагаад авъя гэх хүсэлт эндээс тасардаггүй байна. Нэгэнт өргөдөл өгсөн бол шүүхээр оруулж, таслан шийдвэрлэхээс өөр аргагүй. Учир нь тухайн хуулиа баримталж мөрдөх нь тэдний үүрэг юм. Харин зөрчил гаргасан иргэд саатуулагдаж байх хугацаандаа зан үйлд нөлөөлөх албадан сургалтад тогтмол хамрагддаг байна. Энэ тухай бид БЗД-ийн Баривчлах төвийн ахлах дэслэгч, нийгмийн ажилтан Д.Уянгаас тодрууллаа.
Гэр бүлийн зөрчлөөр ирсэн этгээдүүдэд эхлээд хуулийг нь ойлгуулна. “Хууль чангарсан, эрүүгийн элемент үүсдэг болсон”  гэх зэрэг сурталчилгаануудыг танилцуулна. Ерөнхийдөө гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, зохистой харилцаа гэж юу болох талаар лекц хийж, хооронд нь ярилцуулах хэлбэрээр сургалтуудыг өдөр бүхэн тогтмол явуулдаг. Тэдний ихэнх  нь “Монголд ийм хууль тохиромжгүй, хэрүүл уруулгүй, тэмцэлгүй, зөрчилгүй гэр бүл гэж байхгүй шүү дээ. Үл ойлголцолгүй гэр бүл гэж огт байхгүй шүү дээ” гэж өөрсдийгөө өмөөрч хэлдэг. Тэгээд таны энд ирсэн гол  шалтгаан юу байсан бэ? Та эрүүл байсан уу? Согтуу байсан уу? гэхээр бас нөгөө архи руугаа л буруугаа өгдөг. “Би уучихсан байсан. Нэг удаа би найзуудтайгаа яагаад гарч болдоггүй юм” гэсэн маргаанаас болоод л эхнэр, хүүхдээ хэл амаар доромжлох, биемахбодид халдах үйлдлүүдийг ихэвчлэн гаргаснаас энд ирсэн байдаг.    
Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсний дараахан гэр бүлийн асуудлаар иргэд ихэнхдээ ирдэг байсан бол энэ оны найман сарын эхний байдлаар энэ тоо эрс буурчээ. Харин  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэлээд нэмэгдсэн байна. Нэг жолоочийн ард үр хүүхэд хань, ижил, аав ээж гэхчлэн олон хүн бий. Өнөөдрийн ганц л алдаа зөрчил маргаашийн олон алдагдлыг авчрах тул иргэн та буруу зан үйлээсээ татгалзах чадварт суралцах хэрэгтэй юм.