1045
 
 

60 МИНУТЫН ТУРШ ГЭРЛЭЭ УНТРААЯ

Дэлхийн бүх хүнийг нэг өдөр, нэг цагт, нэг зорилгын төлөө нэгтгэж чаддаг цорын ганц томоохон хөдөлгөөн бол Эх Дэлхийн Цаг юм. 
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. 

1045
Энэхүү арга хэмжээ нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг. 
Монгол Улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн байна. Мөн зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, байгаль эх дэлхийнхээ төлөө нэгэн зэрэг жил бүр дуугарч, залуучууд, олон нийтийн оролцоог дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.

Зохион байгуулагчид Эх дэлхийн цаг 2021 арга хэмжээг энэ удаад цахим орчинд: Ус, түүний зохист зөв хэрэглээ, Байгаль орчны эко систем, Бага насны хүүхдийг экологи, байгалиа хэрхэн хайрлан хамгаалах талаар зөв, цэгцтэй мэдлэг олгох, сэтгэхүй суулгах, зуршил хэвшүүлэх зорилготой контентуудыг сонирхолтой байдлаар олон нийтэд хүргэх болно.

Хэдийгээр дэлхий даяар цар тахалтай тэмцэж, хөл хорио тогтоосон эдгээр өдөр бид гэртээ байж, Эх Дэлхийн Цагт өмнөх шигээ Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт хамтдаа цуглаж тэмдэглэж чадахгүй болсон ч та бүхэн гэрээсээ, байгаа газраасаа эх дэлхийн цагт нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуугарах, Эх Дэлхийн Дуу Хоолой болоорой. 

Тиймд хамтын дэлхийгээ хамгаалах үйлсэд хүн бүр нэгдээсэй хэмээн хүсэж байна. Гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нэг хүний оролцоо чухал, хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулбал бид эх дэлхийгээ аврах боломжтой.

2021 оны Гуравдугаар сарын 27-ны өдөр 20:30-21:30 цагийн хооронд гэртээ унтрааж, ЭХ ДЭЛХИЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ!